ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд хийж буй довтолгоогоо эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Москва хотод байрладаг цэргийн эмнэлэгт очихдоо Украины зэвсэгт хүчний дэд бүтцэд агаарын цохилт өгсөөр байх болно гэж хэлжээ.
Путин цэргийн эмнэлэгт хэвтэж буй алба хаагчидтай уулзахдаа дайн Москвагийн талд шилжиж эхэлсэн мөн дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа хэлсэн юм. Гэхдээ Путин дайныг зөвхөн ОХУ-ын нөхцөл дор л дуусгана хэмээсэн байна.
Тэрбээр мөн дайныг дуусгахад саад болж буй хамгийн том зүйл нь Украинд дэмжлэг үзүүлж буй барууны орнууд гэж хэлжээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “The Economist” агентлагт ярилцлага өгөхдөө дайн ОХУ-ын талд шилжиж байгаа гэх Путиний үг нь зөвхөн мэдрэмж төдий гэсэн юм.
Зеленский Оросын талд дайн шилжиж байгаа гэдгийг үгүйсгэхдээ цэргийн хохирлын тоог нь дурдаж, 2023 онд ОХУ нэг ч том хотыг эзэлж авч чадаагүй гэжээ. Мөн тэрбээр барууны орнууд түргэн шуурхай тусламж илгээж байсан эрчээ алдсанд сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн байна.