Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрч, олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Галын улмаас Онцгой байдлын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.
Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарна гэдгийг албаныхан мэдээлсэн. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
Нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.
Гал түймэрт хохирсон иргэдэд хууль зүйн тусламж үзүүлж буй хуульч О.Батхүүгээс зарим зүйлийг тодруулахад “Гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцны 37 айл нь ипотекийн зээлтэй буюу даатгалд хамрагдсан байх ёстойгоос 30 нь даатгалын гэрээтэй байна. Бусад мөнгөөрөө байраа худалдаж авсан иргэд огт даатгалгүй байгаа. Иргэдийн хувьд даатгалтай, даатгалгүй хохирлоо төлүүлнэ. Даатгалтай хүмүүс нь даатгалаасаа мөнгөө авах бол даатгалгүй хүмүүс нь осол аваар хийсэн, шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүнээс хохирлоо нэхэмжилж авна.
Одоо оршин суугчдын хохирлыг тогтоож, байранд нь үнэлгээ хийж байгаа юм билээ. Тэнд хүн амьдарч болох юм уу, орон сууцыг засахаар бол алийг нь засах вэ гээд бүх асуудлыг тогтоох ёстой. Айлууд байрныхаа м.кв-ын үнэлгээг хийлгэж, гаргуулах гэж байна.
Ер нь ипотекийн зээлтэй иргэд л албан хүчээр даатгал хийлгэсэн байгаа юм. Хамгийн эхэнд хохирлынхоо үнэлгээг мэргэжлийн компаниар тогтоолгох нь чухал. Даатгалтай айлууд нь гэхэд зөвхөн байраа даатгаж, гэр доторх тавилгаа даатгаагүй. Тиймээс даатгалтай айлууд ч гэсэн гэр доторх эд хөрөнгөө үнэлүүлэх шаардлагатай болж байна” гэдгийг онцолж байв.