Энэ сарын 4-ний өдөр СХД-т газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эмээлт шонхор дэлгүүрийн орчимд газ дэлбэрч 4 хүн түлэгдсэн байна.
Тодруулбал, монгол гэрт газан плеткан дээр хийж байсан хоолоо гаргах үед дэлбэрэлт болжээ. Үүний улмаас 9-13 насны гурван хүүхэд, нэг насанд хүрсэн иргэн түлэгдэж, ГССҮТ рүү яаралтай түргэн тусламжаар хүргэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагад газ дэлбэрсэн гэх дуудлага, мэдээлэл өнгөрсөн онд 6 бүртгэгдсэн бол энэ оны эхний 5 сарын байдлаар 11 гомдол мэдээлэл бүртгэгдэж, энэ төрлийн ахуйн осол нэмэгдсээр байгаа юм. Газан бүтээгдэхүүнийг ашиглахдаа тодорхой стандарт, аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгааг ГССҮТ-өөс тодруулахад “4-ний өдөр ахуйн газ дэлбэрсэн ослын улмаас гурван хүн яаралтай дуудлагаар ирсэн. Нэг хүүхдийг тухайн үед амбулториор үзээд хэвтэх шаардлагагүй тул эмчилгээ хийгээд буцаасан. Нөгөө хоёр хүүхэд нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэлээ.