Газын зурваст аравдугаар сарын 7-ноос хойш өдөрт дор хаяж 10 хүүхэд хөлгүй болж байгааг хүмүүнлэгийн байгууллагаас анхааруулав. Эдгээр хүүхэд нэг юм уу хоёр хөлөө ямар ч мэдээ алдуулалтгүйгээр тайруулж байна.
НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан захирал Жейсон Ли статистик мэдээллээс эш татан ийн мэдээлсэн юм. “Энэ мөргөлдөөний улмаас хүүхдүүд зовж шаналж байгааг төсөөлөхийн аргагүй. Хамгийн гол нь тэд ийм зүйлд өртөхгүй байх боломжтой байсан. Хүүхдийн амийг хөнөөж, тахир дутуу болгох нь тэдний эсрэг ноцтой зөрчил юм. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” гэв.
Мөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 1000 орчим хүүхэд хөлгүй болжээ. Гэвч бүс нутагт эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдолтой байгаа тул хүүхдүүдийн хөлийг мэдээ алдуулалтгүйгээр тайрч байна. Эмч, сувилагч нар ч хүнд байдалтай байгаа аж.
“Хүүхдийг ийм их өвдөж байгааг харах, ийм үед нь өвчин намдаахгүйгээр эмчилгээ хийх нь туршлагатай мэргэжилтнүүдийг хүртэл хүнд байдалд оруулдаг” гэж Жейсон Ли хэлэв.
Хүүхдүүд гэмтэлд илүү өртөмтгий, эмзэг мэдрэмтгий. Тэдний хувьд дэлбэрэлтийн үеэр нас барах магадлал насанд хүрэгчдийнхээс бараг долоо дахин их байдаг аж.
Гэмтэл бэртлээс гадна хоол тэжээлийн дутагдал, халдварт өвчин гэсэн аюул заналхийлэл Газын хүүхдүүдэд нүүрлээд байна. Тодруулбал, Газын зурваст таваас доош насны хүүхдүүдийн суулгалт өвчний тохиолдол дайны өмнөх үеэс 2000 хувиар өсчээ. Мөн хоёроос доош насны хүүхдүүдийн 90 хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалтай байна.
Гэтэл энэ хүнд цаг үед өдөрт 180 орчим палестин эмэгтэй амаржиж байна.