УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд болно. Сонгуулийг холимог тогтолцоогоор, томсгосон тойрог буюу бүсчилсэн 13 тойргоор явуулна. Улс төрийн намуудын хувьд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, зарим нь удирдлагуудаа шинэчилж байна. Жишээ нь, Монголын ногоон нам Их хурлаа хийж, намын дарга болон удирдлагуудаа шинээр сонгох юм байна. Тус намтай Н.Номтойбаяр холбоотой гэх мэдээлэл улс төрийн хүрээнээс цацагдаад удаж байгаа юм. Ямартай ч энэ удаад улстөрийн жижиг намууд Их эвсэл болж орох тактик барьж байгаа бололтой. Учир нь, МНН болон МҮАН сонгуульд хамтран оролцох бэлтгэлээ базааж байгаа гэх мэдээлэл бий. МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл ажилладаг. Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд ХҮН болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагаанд стратегийн зөвлөгөө өгөх болсон гэх мэдээлэл бий. Тэрбээр өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийг АН-ын даргаар ажиллаж байхад тус намынханд хандаж лекц, зөвлөгөө өгч байсан удаатай.
Тэрчлэн Х.Баттулгыг АН-аас салж, шинэ нам байгуулан сонгуульд өрсөлдөх тухай яриа гарах болсон нь санамсаргүй тохиолдол биш. Магадгүй иргэд, олон нийт хэрхэн хүлээж авахыг тандсан үйлдэл байх магадлалтай. Энэ удаагийн сонгуулиар ҮХНӨ-ийн дагуу 126 гишүүн сонгоно. Үүний 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох юм. Пропорциональ тогтолцооны нэг давуу тал нь иргэдийн санал гээгдэх нь бага. Иймээс жижиг намууд эвсэж сонгуульд орвол амжилт үзүүлэх магадлал өндөр. Учир нь, өнгөрсөн гучин жил засгийн эрх ээлжилж болон хамтран барьсан МАН, АН-аас олон нийт залхах болсон нь худлаа биш. Тиймээс ч гуравдагч намуудыг сонгох магадлал өндөр байна.