Монголчууд аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт хомс байдаг. Тиймдээ ч даатгалын үйлчилгээний үр ашгийг төдийлөн ойлгодоггүй болохыг салбарынхан нь хэлж буй. Хамгийн сүүлийн ослын тохиолдлоос харахад гэнэтийн давагдашгүй эрсдэлийн үед даатгал ямар хэрэгтэй болох нь харагдаж байна.
Тодруулбал, хоёр хоногийн өмнө болсон ослын үеэр нийт 29 машин дэлбэрэлтэд өртөж, шатсан. Даатгалтай иргэдийн тухайд эд хөрөнгийн хохирлоо үнэлүүлж, 100 хүртэлх хувийн нөхөн олговор авах боломжтой.
Хэрэв жолооч тээврийн хэрэгслийн даатгалтай бол машин нь гал түймэр, тэсрэлт, дэлбэрэлтэнд өртсөн тохиолдолд үнэлгээний баг шуурхай ажиллаж нөхөн төлбөрийг хугацаа алдахгүй олгох нөхцлийг даатгалын компаниуд гэрээндээ тусгасан байдаг байна. Тээврийн хэрэгслийн даатгал нь:
- Галын эрсдэл
- Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
- Зам тээврийн осол
- Байгалийн эрсдэл
- Ахуйн эрсдэл
- Жолоо шилжүүлэх эрсдэл
- Мал, амьтнаас учруулах эрсдэл
- Тээврийн хэрэгслийг бүхэлд нь хулгайлах эрсдэл
- Дээрэм түүний үр дагавраас үүдсэн эрсдэл
- Шилний эрсдэл
- Өөрийн санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
- Гуравдагч этгээдийн санаатай болон санаандгүй үйлдлийн улмаас учрах эрсдэл
- Тээврийн хэрэгслийн хэсэгчилсэн хулгай
- Дугуйн эрсдэлээс сэргийлдэг аж.
Дүнжингаравын уулзварт гарсан ослын үеэр дэлбэрэлтэд өртөж эд хөрөнгө буюу машинаараа хохирсон иргэд ч эхнээсээ даатгалын компаниудруугаа холбогдож эхэлжээ.
Одоогоор хоёр компани осолд хохирсон үйлчлүүлэгчийнхээ хохирлыг 100 хувийн нөхөн төлбөрөөр буюу 15 сая төгрөгөөр барагдуулсан талаар мэдэгдэв.
Автомашины даатгалыг иргэд өөрийн хүссэн даатгалын компаниар хийлгэх боломжтой бөгөөд аж ахуй нэгж бүрийн даатгалын багц, төлөлт, нөхөн олговрын хувь хэмжээ харилцан адилгүй байна. Хэрэв машин нь осолд өртсөн бол иргэн даатгалтай компани руу залгаж, мэдэгдэж урьдчилсан байдлаар үнэлгээг хийлгэнэ. Ингэхдээ даатгалын компани зах зээлийн үнээр тухайн техник хэрэгслийг үнэлж, үнэлгээнд тулгуурлаж хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай. Тээврийн хэрэгсэлд даатгуулсан эрсдэлээс үүдэн хохирол учирвал дараах материалыг бүрдүүлж өгснөөр нөхөн төлбөр авч болдог байна. Үүнд:
- Даатгуулагчийн өргөдөл
- Даатгалын гэрээ, гэрээт баталгаа
- Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Хохирлын хэмжээг тогтоосон хөндлөнгийн эрх бүхий байгууллагын тайлан
- Даатгагч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг шаардах заалттай.
Даатгалаас нөхөн төлбөр төлөхгүй тохиолдлууд мөн байдаг. Тухайлбал, даатгуулагч, түүний жолоо барих эрх олгосон этгээд жолоочийн албан журмын даатгалд хамрагдаагүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан үед учирсан хохирол болон зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа этгээд жолоодсоноос үүдсэн хохиролтой тохиолдолд. Мөн даатгуулагч нь даатгагч болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдийн өмнө өөрийн бурууг хүлээн үүрэг хариуцлага хүлээхээр тохиролцсон бол, даатгалын зүйл дотор байсан эд зүйлс, тээвэрлэж явсан зорчигч, ачаанд болон тэдгээрээс үүдэн гарсан хохирол, бусдад буюу гуравдагч этгээдэд учруулсан хохиролтой бол даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй.
Зөвхөн тээврийн хэрэгслээс гадна иргэн амь нас, эрүүл мэнд, орон сууцны эрсдэлийн даатгалтай тохиолдолд нөхөн төлбөр буцаан авна. Гэхдээ хүн бүр эрсдэлийн даатгалыг харилцан адилгүй хугацаа, хураамжаар төлж байгаа учир нэг иргэнд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр өгөх нь даатгалын байгууллагын үнэлгээнээс тодорхой болдог байна.