Замын хөдөлгөөний түгжрэлтэй холбоотойгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг нийслэлээс хийж буй. Сар гаруй хугацаанд хэрэгжсэн шийдвэрийн хугацаа өнөөдөр /2024.01.31/ дуусна. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь үр дүнтэй болохыг албаныхан үзэж буй аж. Гэхдээ иргэдийн саналыг харгалзаж шийдвэр гаргах талаар мэдээлсэн.
Тэгвэл дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх талаар нийслэлээс мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.САЙНЗОРИГ:
-Автомашины дугаарын хязгаарлалт болох тэгш, сондгойгоор зорчих хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй. Албаныхны гаргасан шийдвэрийг хүндэтгэж сар гаруйн хугацаанд улсын дугаарын тэгш сондгойгоор оролцсон иргэддээ баярлалаа. Тэг зогсолтод нийслэл даяар орохгүйн тулд үүнээс өөр зохицуулалтын түр арга байхгүй. Гэхдээ бид шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх дээр иргэдээс сүүлийн гурав хоног санал авсан.
Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 55 хувь тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй.
Тиймээс маргаашаас хөдөлгөөнд иргэд хязгаарлалтгүй оролцоно. Маргаашаас хуучин журмаар буюу 1,6, 2,7, 3,8 гэдэг 4,9, 5,0 дугаараар тодорхой өдөр хуваарийн дагуу тээврийн хэрэгсэлтэй иргэд хөдөлгөөнд оролцоно.