Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд “Нар гуравлах” үзэгдэл болжээ. Гэрлийн хугарлын нөлөөгөөр нар гурав болсон мэт харагддаг уг үзэгдлийг шинжлэх ухаанд “хуурамч нар” гэж нэрлэдэг бол монголчууд “нар чихлэх”, “нар гуравлах” хэмээн нэрлэдэг байна.
Энэ талаар тус аймгийн УЦУОШТ-өөс тодруулахад “Саяхан Дэлгэрхангай суманд “нар гуравлах” үзэгдэл болсон нь үнэн. Малчид, иргэд үүнийг хүйтрэхийн дохио гэж үздэг. Өмнө нь бас манай аймагт энэ үзэгдэл болж байсан. Өчигдөр шөнө хамгийн хүйтэн буюу 30 хэмийн хүйтэн хонолоо. Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна” хэмээлээ.
Энэ үзэгдэл хүйтний эрч чангарах шинжийг илэрхийлдэг. Гэхдээ хүйтэн өвөл болно гэсэн үг биш, харин агаар мандалд илүүтэй хүйтэн байхын шинж тэмдэг аж.
Тодруулбал, хүйтэн агаарт байгаа усны молекулууд хөлдөж талстжаад, түүнд нарны гэрэл ойхдоо солонгорон харагддаг байна. Манай оронд хааяа үзэгддэг бөгөөд Европ, Хойд Америкийн орнуудад элбэг тохиолддог. Ихэвчлэн нар мандах эсвэл жаргах үед ажиглагддаг учир богино хугацаанд үзэгддэг.
Ташрамд дурдахад одоогоос гурван жилийн өмнө энэ үзэгдэл Дундговь аймагт болж байжээ.