12 дугаар сарын 23-ны 04:50 цагт 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлага яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн. Дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрсан. Үүнээс үүдэн эмч цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан байна.
Уг хэргийн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тодруулахад “Түргэн тусламжийн дуудлагаас шалтгаалан эмч ганцаараа эсвэл жолоочтойгоо ордог. Тухайн дуудлага нь 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэсэн учир эмч ганцаараа орсон. Гэвч үзлэг хийх гэтэл урдаас нь хутга барин дайрч, хаалгаа хааж зогссон бөгөөд эмч сандрахдаа нэг давхрын цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Манай төвд эмчийг хэл амаар доромжилсон хэрэг мэр сэр гардаг ч энэ явдал анхных юм” гэлээ.
Хутга барин дайрсан эрэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.