Газ ачиж яваад дэлбэрсэн автомашины ослыг замын халтиргаанаас болсон гэж мэргэн түргэнүүд оношлон, Тохижилт үйлчилгээний компани/ТҮК/-ийн ажилтнуудыг буруутнаар тодруулан, чичиж эхлэв. Энэ янзаар бол Баянзүрх дүүргийн ТҮК-ийнхан гол буруутан болох нь.
Хэдийгээр авто зам халтиргаатай байгаа нь үнэн ч ТҮК-ийнхнийг л энэ хэрэгт буруутган, яллаад эхэлбэл асуудал буруу тийшээ эргэнэ гэсэн үг.
Яагаад гэвэл осол гарахад юу нөлөөлөв гэдгийг олон талаас нь судлан, шинжлэх ёстой.
Эхний байдлаар газ тээвэрлэж явсан дээрх автомашин нь зөвшөөрөл аваагүй хэрнээ шатаж, дэлбэрэх аюултай бодис тээвэрлэж явсан тухай Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Хуулиараа аюултай ачаа тээвэрлэх бол эхлээд тухайн зөвшөөрлийг Зам тээврийн хөгжлийн яамнаас авна. Нэг үгээр хэлбэл, дурын автомашинаар аюултай ачаа тээвэрлэдэггүй. Дэлхий дахин “хуягласан” тээврийн хэрэгслээр газыг тээвэрлэдэг байна. Төмөр хаалтаар тоноглохоос эхлээд 10х10 мм-ийн нүхэлсэн төмрөөр гадны цохилтод ёмкосыг хамгаалсан байдаг. Ийм аюултай ачаа тээвэрлэж байгаа тохиолдолд автомашины дугуй замын халтиргаанд гулгахгүй зууралдаж барьцалдах зэргээр бусад тээврийн хэрэгслээс хэд дахин давуу байх ёстой аж.
Гэтэл олон нийтэд цацагдсан хяналын камерын бичлэгт үлдсэнээр Дүнжингаравын уулзвараар газ ачсан машин эргэх үйлдэл хийх үед “Ниссан патрол” маркийн автомашинтай шүргэлцсэний улмаас ёмкось хагарч, газ алдаж, гал гарсан байж болзошгүй байгаа.
Мөн дээрх хоёр жолооч дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцсон уу гэдэг асуудал ч шалгах нэг сэжүүр.
Ослын талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийх үеэрээ “Осол гарахад хоёр жолооч буруутай юу, эсвэл нэг нь үү. Тухайн машин стандартынх мөн үү, зөвшөөрлийн хугацаа нь ямар байв гэхчлэн энэ бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн юм.
Харин “Дашваанжил” ХХК-иас мэдээлэл хийх үеэрээ “Тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслээр аюултай ачааг тээвэрлэж байсан. Дүрмийн хүрээнд тоноглогдсон автомашинаар шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэж байсан. Одоогийн байдлаар орон нутгийн болон хот дотор торхтой буюу даралтат савтай 20 орчим машин шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх үйлчилгээ үзүүлж байна. Бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон дэлхийн стандартын шаардлага хангасан ОХУ, БНХАУ, БНСУ, Японд үйлдвэрлэсэн LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийг тээвэрлэдэг машиныг худалдаж авч, ашигладаг. Авахдаа хамгийн сайн шаардлага хангасан тээврийн хэрэгслийг авдаг. Тусгай зориулалтын машин учир зах дээрээс дураараа авдаг тээврийн хэрэгсэл биш.
2019 онд Шадар сайдын гаргасан тушаалын дагуу аюултай ачаа тээвэрлэх маршрутын дагуу явсан. Заасан маршрут, цаг, стандартын шаардлага хангасан машинаар хийн түлшээ тээвэрлэж явсан. Осолдсон тээврийн хэрэгсэл хотыг нэвтэрч гарч байсан. Осолдсон цистерн машиныг 2024 оны нэгдүгээр сард авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан” гэж мэдэгдээд буй. Иймээс хуулийн байгууллагынхан осол гарахад юу нөлөөлөв гэдгийг олон талаас нь шалгах шаардлагатай болж байгаа. Хэдийгээр “Дашваанжил” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрөл авсан, стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэж явсан гэдгийг мэдэгдсэн ч энэ нь давхар хуулийн байгууллагынхны шалгалтаар л нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, камерын бичлэгт гардагчлан аюултай ачаа тээвэрлэж явсан цистерн “Ниссан патрол” маркийн автомашинтай шүргэлцэх үеэр ёмкось хагарч, газ алдагдан дэлбэрэв үү, эсвэл үүнд өөр шалтгаан нөлөөлөв үү. Зөвхөн мэргэжлийн байгууллагууд л ослын шалтгаан нөхцлийг тодорхойлно.
Зарим хүний тайлбараар бол “15.7тонн буюу 40 өөд м.куб эзэлхүүнтэй цистерны газ шахах хоолой хоёр машин шүргэлцэх явцад хугарч (албаныхны тайлбараар) газ хурдтай алдагдаж эхэлснийг бид бичлэг дээрээс хардаг. Газ хоолойноос гадагшилж агаарт гарснаар шатах шингэн, хүчилтөрөгчийн холимог болно. Энэн дээр оч буюу галын эх үүсвэр нэмэгдвэл мэргэжлийн хэллэгээр галын гурвалжин бүрдэж шууд түймэр авалцана. Шингэрүүлсэн шатдаг хий агаараас хүнд тул газраар ус урсаж байгаа юм шиг тархаж (ялангуяа хэвгий тал руу) тээр цаана тамхи татаж явсан хүн тамхины асаагуур асаах, татаж буй тамхиа газар хаясан зэргээс оч үүсэж бэлэн болсон шатах холимогийг шууд ноцоосон байх талтай.
Эсвэл энэ үед аль нэг машин асахад свечений очлуурт хуримтлагдсан шатах холимог агаарт оч авалцаж шаталт өдөөсөн байж мэдэх юм.
Ингээд эхний тэсрэлт явагдаж гал эгшний дотор цистернд хүрч тэнд маш хүчтэй түймэр дэгдсэн.
Гаднаасаа хэт хүчтэй халсан цистерн доторхи газ богино хугацаанд шингэн төлөвөөс хийн төлөвт шилжиж багадаа 1000 psi даралтыг (psi нь функтыг харьцах инчийн квадрат.100 кПа 1 bar болдог,1 bar 14,5 psi-тай тэнцэнэ) тэсэлгүй цистерн зад үсэрч хуримтлагдсан хийн холимогт гал өгснөөр 750м/сек-ийн хурдтай цохилтын долгионыг үүсгэсэн болов уу гэж тооцоолов.Энэ нь ойролцоогоор 150 метрт өртсөн амьд амьтан организмыг бүрэн устгах хөнөөлтэй гэсэн үг” гэж олон нийтийн сүлжээнд санал бодлоо хуваалцаад байна.
Гэхдээ энэхүү үйл явдлаас нэг зүйл тодорхой байгаа нь Монголд хууль хэрэгждэггүй, хуулийн хэрэгжилтэндээ төр нь анхаардаггүй, түүнийг нь хувийн хэвшлүүд нь үл ойшоож ирсэн нь эцсийн дүндээ том осол гарах үндсэн шалтгаан болов уу гэдэг асуудал хөндөхөд хүргэж буй. Хамгийн гол нь одоо энэ бүхнээс сургамж авч, алдааг давтахгүй байхад хаа, хаанаа анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ.