Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын шилдгүүд хоёрдугаар сарын 6-ны өдөр буюу ирэх Мягмар гаригт тодрох аж. Дээд лигийн мэдэгдэлд “Улирлын шилдгүүдийг статистик үзүүлэлт дээр үндэслэж тодруулна” гэжээ.
Энэ улирлын “MVP” буюу хуучнаар Тэргүүн тоглогчийн шагналыг өрсөлдөгчгүй “IHC Apes”-ийн М.Өлзий-Орших авах нь тодорхой биз. Угтаа түүнтэй Бишрэлт Металлын Б.Сүхбат, Т.Ууганбаяр, Уурхайчидын О.Энхбаатар тэргүүтэй тоглогчид өрсөлдөж байсан ч М.Өлзий-Оршихын жигд тоглолт, эгзэгтэй мөчид хийж буй шидэлт, үйлдлүүд түүнийг тэргүүн тоглогч гэдгийг баталж буй.
Мөн “Rookie Of The Year” буюу Шилдэг шинэ тоглогчийн шагналд Хүлэгүүдийн Ц.Азбаяр, Б.Барсболд, Гарьдын Б.Төгөлдөр, ТЛЖ Ондилтын Б.Ган-Эрдэнэ, Сэлэнгэ Бодонгуудын А.Базаргүр нар хүчтэй өрсөлдөнө. Харин Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд Уурхайчидын О.Энхбаатар, Металлын З.Энхтөр, А.Энхбаясгалан, “Apes”-ийн Т.Мэндбаяр, Гарьдын Э.Дөлгөөн нар яригдаж байна.
Легионер “MVP”-ээр Уурхайчидын Пендарвис Уиллиамс энэ улирал дахин тодрох биз. Тэгвэл Шилдэг дасгалжуулагчаар гадаад мэргэжилтэн тодрох нь лавтай. Уурхайчидын Грек мэргэжилтэн Василис Фрагкиас эсвэл өнгөрсөн жил амжилтаараа дөрөвдүгээрт жагссан Металлыг хүчирхэгжүүлсэн Предраг Стояансев байж болох талтай.
Амжилт нь ахисан тоглогчоор өрсөлдөгчгүй Сэлэнгэ Бодонгууд багийн О.Тулга гэж олон хүн бодож байна. Дайчидын сэлгээний сандлаас хоёр улирал холдоогүй тэрбээр энэ улирал Бодонгуудын гол хүн болоод байгаа бөгөөд өөрөө ч бүх одод болсон билээ.
Эмэгтэйчүүдийн лигийн энэ улирлын Тэргүүн тоглогчоор Ө.Индра тодрохгүй бол олон хүн гайхшрах нь лавтай. Өнгөрсөн жил гайхалтай тоглолтыг үзүүлж байсан ч түүнд тэргүүн тоглогчийн шагнал бус шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг гардуулсан түүхтэй.