Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай асуудлыг яаралтай шалгаж, учир начрыг нь олох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Чиглэл өгөөд, 14 хонож байна.
Төрийн тэргүүний өгсөн чиглэлд
“Гадны иргэн, ААН-үүдэд монголын газар нутгаас эзэмшүүлсэн асуудлаар ард иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх” агуулга багтсан юм.
Нээлттэй мэдээлэл гэдэг нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууцын зэрэглэлд оруулан хэлэлцэхэд зориулж биш, хичнээн га газраа Хятад иргэд, ААН-үүдэд Үндсэн хууль зөрчин өмчлүүлсэнийг олон нийтэд зарлана гэсэн үг.
Төрийн тэргүүнээс яаралтай хүргүүлсэн бичигт Засгийн газраас чухам хариу өгөх нь тодорхойгүй байна. Мөнхүү ингэж удаж буй нь анхаарал татах өнцөг юм.
Монголчууд зан сэтгэхүйн онцлогоороо “Хятад” гэх үгэнд угийн сүжиггүй ханддаг, гзар нутаг, уул уурхайн лицензүүд Хятад эзэнтэй буйд ихээхэн дургүйцдэг онцлогтой.
У.Хүрэлсүх нь Засгийн газрын тэргүүн байхдаа Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний уурхайн үйл ажиллагааг цуцалсанаа мэдэгдэж, сүртэй ажиллагаа хийж байв. Харамсалтай нь, алтны компаниуд ээлж дараалан, шүүх дээр ялж, түүний чөлөөлсөн гэж пиардсан талбайд эдүгээ ихэнх нь ашиглагдаж байгаа билээ.
Харин Засгийн газрын хувьд нүүрсний сонсголтой зэрэгцүүлэн, Хятад иргэн, ААН-үүдэд газар өмчлүүлсэн асуудлаар Төрийн тэргүүнийг шуурхай ажиллагаа зарлаж мэдэх эрсдэлийг тооцсон ч байж мэдэх. Нөхцөл байдал ингэж эргэвэл, нүүрсний сонсголоор яригдсан эрхмүүдийг ч саатуулан шалгахыг олон нийт шаардах магадлалтай.
Ийм нөхцөл байдал үүсгэх нь, Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргад ашигтай юу гэх асуулт энд сөхөгдөж байна. Нөгөө талд Төрийн тэргүүн ч Засгийн газрыг “чангалах”, сэрүүлэг өгөх боломжоор уг кэйсийг харсан байж болох билээ.