“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.
Тэрбээр “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив. Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг хэллээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.