Эмийн Түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн үнийн өсөлтийн учир шалтгааныг судлах хороо байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Хянан шалгах түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. Хяналт, шалгалтын хуулийн дагуу тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн, судалж байгаа юм.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гуравдугаар сарын сүүлчээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр саад учруулж байна. Энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал үүсэж байгааг хэлэх гэсэн юм. Эдгээрийн нэрийг зарлая.
1. ЭМ-ийн сайд Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар болон хүүхдийн 1,2,3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар гурван удаа албан бичиг хүргүүлсэн боловч ЭМЯ-ны архивт байхгүй. ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс ав гэсэн хариу өгсөн.
Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг Д.Энхжаргал гэж эмэгтэй хариуцдаг. Тэрбээр Эмийн холбооны тэргүүн, Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багш хүн.
ЭМЯ-ны дэргэдэх Эм зүй, Эм Судлалын мэргэжлийн салбар зөвлөлд дахин бичиг хүргүүлэхэд хариуцсан ажилтан нь “Архивт байхгүй, гар ноорог бий, ЭМЯ-нд байх ёстой, эмнэлэгт хэвтсэн” зэрэг шалтгаанаар уг нотлох баримтыг одоог хүртэл гаргаж өгөөгүй.
Бидний шаардаад байгаа нотлох баримт нь хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл 2024 онд 140 тэрбум төгрөг төсөвлөж, иргэдэд нэн шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр олгох жагсаалтыг нэхээд байгаа юм. Уг жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодорхойлоход хэрэгтэй баримт. Гэтэл архивт байхгүйг хэлсэн.
2. ГССҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, дөрөвдүгээр төрөх зэрэг газар эмийг худалдаж авах судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна. Улсын баялгаас хулгайлдаг, тендерийг албан тушаалтнуудтай нийлж, авдаг тогтолцоо байгаа. Үүнийг шалгах гэхээр баримтаа ирүүлэхгүй.
3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймгийн Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй.
4. Нийгмийн Эрүүл Мэндийн Газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй.
5. Хянан шалгах Түр хороонд ирүүлж буй нотлох баримтуудын мөнгөн дүн алдаатай, дутуу, хуульд заасан шаардлагыг хангаагүй нийтлэг зөрчил байна.
Түр хорооноос эдгээр баримтыг дахин шаардлага хангуулах, дутуу ирүүлсэн баримтыг бүрдүүлэх, алдаатай мэдээллийг хянах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагагүй байдлаас хугацаа алдаж байна.
Шаардсан нотлох баримт бичгийг хүндэтгэх шалтгаангүйгээр ирүүлэхгүй байх, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн 58-д заасны дагуу хариуцлага тооцох болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэж ярилаа.