Монголд хүчтэй нь хүчгүйгээ гэх хатуу ширүүн ширэнгийн хууль үйлчилдэг үү, үгүй юу? Хий тээвэрлэж явсан жолооч аймшигтай ослын буруутан болоод хэргийг хаах уу эсвэл дахин ийм осол гарч, олон олон хүний амийг эрсдүүлэхгүйн тулд хэн ч хэрэгжүүлдэггүй стандартыг бүгд ягштал биелүүлдэг, тэр нь албан тушаалтны авлига авах арга хэрэгсэл бус бидний аюулгүй байдал, амь насны баталгааг хангах чухал зохицуулалт болох ёстой юу гэдгийг бид энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч мэдэх юм. Иймийн тулд энд жолоочийг өмгөөлөх санаа огтхон ч агуулаагүй бөгөөд тэгсэн, тэгээгүй цагаан дээр хараар бичигдсэн Эрүүгийн хуулиар жолооч буруудах нь тодорхой юмсанж.
ӨМНӨХ КЭЙС
Үүнтэй ойролцоо хэргийг ердөө хоёрхон сарын өмнө шүүхээр шийдвэрлэжээ. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 5 автомашин, 1 мотоцикл шатаж, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Шүүхээс Эрүүгийн хуулийн дагуу жолоочид ял оноосон бөгөөд шатахууны тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч компаниас хохирлын зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
“ДАШВААНЖИЛ” ХХК-ЫН ХАРИУЛТ
Хий тээвэрлэж яваад осол гаргасан том оврын автомашин “Дашваанжил” ХХК-ын машин бөгөөд энэ талаар тус компанийн захирал Н.Баатаржав “Өчигдөр осол гаргасан хоёр жолоочийн хоёулангийнх нь буруу байсан. Манай компанийнхан стандартын дагуу тээвэрлэлтийн ажлаа хийж байсан боловч гэнэтийн осолд өртлөө”” гэж осол гарсан өдөр мэдэгдсэн. Гэтэл Засгийн газрын хуралдааны дараа албаны хүмүүсийн мэдэгдсэнээр дээрх машин шатах, тослох материал тээвэрлэх зөвшөөрөл аваагүй байсан нь шалгалтаар тогтоогджээ.
Гэтэл хууль тогтоомж, стандартаараа тэсрэх материал тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд өчнөөн олон стандарт хангасан байх ёстой бөгөөд төмөр хаалтаар тонлоглохоос эхлээд 10х10 мм-ийн нүхэлсэн төмрөөр гадны цохилтод ёмкосыг хамгаалсан байх ёстой аж. Товчхондоо байлдааны зориулттай машинтай адил хуяглах ёстой байна. Гэтэл зөвшөөрлөө ч аваагүй байсан нь Монголд аюулгүй байдал хэрхэн алдагдсаныг харуулна.
БУРУУТАН ХЭН БЭ?
Хэрэвзээ энэ осол түгжрэлтэй өдрийн цагаар болсон бол хотоороо дэлбэрэхэд ойрхон байлаа. Цаашид ч ийм осол болох магадлал өндөр байна. Учир нь Улаанбаатар хот өөрөө тэсрэх бөмбөг болчихлоо. Авлигын улс мөрийг улс, орны хаанаас ч харахад бөгөөд осол, аваар, гамшиг болгонд нүдэнд эрхгүй тордог болоод удав. Гэтэл бид гай, гамшиг, гарз тохиолдох болгонд шуугиад, маргааш нь мартдаг болохоор нүдээ аньж, чихээ таглах юм бол хэн нэгэн нь халуун амиа алддаг болов. Газрын наймаа, хүнийг биш мөнгийг чухалчилдаг хөгийн байдлаас болоод ширгэх шахам байсан Сэлбэ гол үерлэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ч хэн ч хохирлыг барагдуулсангүй. Мартах юм бол маргааш илүүг үзүүлнэ гэсэн шиг байгаль хүчээ хуримтлуулан дүн өвлийн хүйтэнд халиа үүсгэсээр буй ч хэн ч хариуцлага нэхэхгүй байгаа нь хачин.
Хариуцлагагүй, авлигын төлбөрийг бид амь нас, эрүүл мэнд, үр хүүхдээрээ төлж байна. Орон сууцанд гарсан галыг унтраахаар оны өмнөхөн гал сөнөөгч цэл залуугаараа амиа алдсан бол энэ ослоор гурвын гурван аврагч нэмэгдэв. Төрөөс хохирлыг арилгахад 1,4 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон талаар бахархалтай мэдэгдээд байгаа. Гэхдээ татвар төлөгчдийн тэрхзз мөнгийг онцгой, эмнэлэг, цагдаад зарцуулсан бол олон олон ослоос урьдчилан сэргийлж чадахгүй гэхэд иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах байв.
Жолоочийг буруутгаад энэ хэргийг дуусгаж болно. Гээд асуудал шийдэгдэхгүй. Хууль, журам, стандартаа биелүүлдэггүй. Түүнийг төрийнхөн нь мөнгөжих хэрэгсэл болгосон, хувийнхан нь хахуулиар бүгдийг шийддэг хэвээрээ л үлдэнэ. Мэдээж хэргийн мөрдөн байцаалт ид явж буй бөгөөд хуулийн дагуу шийдэгдэх нь тодорхой. Шүүх хуулийн хүрээнд л шийдвэр гаргана. Тиймээс урьдаас шүүх рүү дайрах нь утгагүй. Харин амиа алдсан гурван хүн, хүнд бэртсэн найман хүний хохирлыг барагдуулж чадахгүй л болов уу?
Өнөөдрийн осол, аваар эрх мэдлээ ашиглан өөрсдийн ашиг хонжоог нэмэхийн тулд стандартгүй зам, барилга барьж, хот төлөвлөлт нэртэй хулгай хууль ёсны болгосноос л үүдэх болжээ. Хаа сайгүй хашаалсан газар, машин бүү хэл явган хүн явж болохооргүй зам, талбай бий болов. Хотын асуудал болгоноор албан тушаалтнууд мөнгө хийж байна. Тиймээс Шадар сайдын хэлсэнчилэн “дөрвөн алба хаагчийн 1 л хувцастай” байгааг болиулж, дөрвүүлэнг нь иж бүрэн хувцаслаж, элдэв техник хэрэгсэлтэй болсон ч энэ мэт ослоор эрдэнэт хүний амь эрсдэж, хариуцлагыг нь цалингаараа амьдралаа болгочих гэж яваа жирийн иргэд үүрсээр байх болно. Хот өөрөө гамшиг болчихсон учраас энэ осол аваар тасрахгүй. Хүн үрэгдэж, үхсээр л байх нь. Асуудлын гол нь авлигачдын өгсөн зөвшөөрлөөр стандартгүй хот оршсоор л байна. өмнө нь хүний амь аврах гээд үхсэн залуу, бороо унтрааж байхад түймэр унтраа гээд Ми-8-д нисч болохгүй байхад явсан залуус гэдгийг ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан залуус Монголд цөөдөөгүй. Ийм байсаар байвал мөнгөтэй, эрх мэдэлтэй стандарт мөрдөж, аюулгүй байдлыг хангадаггүй задарсан нөхөд зөвдөж ядсан нь буруудсаар л байх болно. Тиймээс үзэмжээр бус үнэн, зөвөөр нь стандартыг хангуулж, хангаж, ирээдүйд нүүрлэх аюулыг төсөөлөн өнөөдрийн стандартгүй хотыг стандарттай болгох нь чухал. Жолоочийг буруутгалаа гээд бас л нэг гэр бүлийг гуниг, харуусалд автуулахаас цаашгүй.