Үүнийгээ ч жолооч нар нуусангүй, ил цагаан зарлав. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус компаниудын жолооч нар өчигдөр /2024.02.26/ цалингаа нэмүүлэх шаардлага тавих үеэр “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших “Зорчигч нарын бэлнээр өгдөг 500 төгрөгийг хүүхдийн живх, талх тариа хоол хүнс, нүүрс түлээ авахдаа зарцуулдаг. Тэр 500 төгрөгийг аваад бид нар оцойж овоотлоо баяжсан бол “Бид нарын амьдрал хэцүү байна. Цалин нэмээд өг” гэж гоншигнон шаардлага хүргүүлэхгүй шүү дээ” гэж тайлбарлав.
Уг нь нийтийн тээврийн салбарт нүүрлэсэн цавчааг зогсоох зорилгоор 2015 онд кондукторыг халж, төлбөрөө цахимаар төлдөг байхаар зохицуулалт хийсэн ч картаа цэнэглэж амжаагүй зорчигч жолооч нарт 500 төгрөг бэлнээр өгөн зорчдог болсон нь эргээд эл салбар руу татвар төлөгчдийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь татаас хэлбэрээр олгохоос аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.
Нөгөөтэйгүүр, нийслэлийн зүгээс автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгохоо мэдэгдээд буй. Ингэхдээ өдөрт дөрвөн удаа зорчиход 1000 төгрөг байхаар зохицуулалт хийнэ, энэ нь иргэдэд ашигтай гэж тайлбарлаж байгаа. Гэвч зорчигчид төлбөрөө картаар уншуулж, жолоочид бэлэн мөнгө өгөхөөс татгалзахгүй бол нийслэлийн төсвөөс хий дэмий мөнгө цацаж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах болоод байгаа юм.