Жилийн дөрвөн улирлын дулаахан, адал явдал ихтэй улирал бол зун юм. Удахгүй хичээл сургууль орж, амралт зугаалга дуусаж намрын сэрүүхэн өдрүүд биднийг хүлээж байна. Тиймээс зуны сүүлийн дулаан өдрүүдэд амжиж цагийг зугаатай өнгөрүүлэх сонирхолтой санаануудыг та бүхэнд хүргэж байна.
1.Гадаа талбайн тоглолт үзэх
Амьд хөгжмийн фестивалиуд зуны улиралд голцуу эхэлдэг ч, магадгүй дуртай хамтлаг дуучныхаа ковер үдэшт явж, эсвэл зарлагдсан сонирхолтой тоглолтуудаас сонгон очиж сэтгэлээ сэргээн, хэнийг ч тоолгүй өөрийнхөөрөө байж дотроо нээгээрэй.
2. Солирын бороо харах
Наймдугаар сарын бас нэгэн онцлох зүйлийг дурдваас солирын бороо юм. Энэ сарын дунд үеэс эхлэн солирын бороотой тул хотоос зайдуухан гарч гэрлийн бохирдолгүй газар заавал солирын бороо хараарай.
3. Зэрлэг жимс идэх
Наймдугаар сард ихэнх жимс боловсорч гүйцсэн байдаг тиймээс энэ сардаа багтаж жимс түүгээрэй. Уул хадаар чөлөөтэй хэсэж дуртай жимсээ олж уралдаж түүх нь хөгжилтэй байдгаас гадна биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж алжаалаа тайлах боломжтой . Зэрлэг жимс нь амин дэмээр баялаг тул өөрийн түүсэн жимсээрээ дуртай амттанаа хийгээрэй.
4. Усаар байлдах
Хүүхэд насны гоё дурсамжуудын нэг усаар байлдаж тоглох билээ. Тиймээс биеийн эд эсээ сэргээн усаар байлдаж хүүхэд насны дурсамжаа сэргээгээрэй. Тоглох нь хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг тул шинэ санаа олоход эерэг нөлөөтэй.
5. Бодлоо цэгцлэх
Удахгүй ажлын завгүй өдрүүд эхэлж, амралт зугаалга дуусна. Түүнээс өмнө амжиж сэтгэл санаагаа цэгцэлж тархиа амраагаарай.
- Намуухан дуу сонсох,
- Голын урсгалын чимээ сонсон ном унших
- Байгальд зураг зурах
- Өдрийн тэмдэглэл хөтлөх
- Уулан дээр нар жаргахыг харах зэрэг намуухан орчин бүрдүүлж өөртэйгөө ярилцаарай.