Газын зурвас дахь мөргөлдөөн эхлээд хэдхэн хоногийн дараа Израилийн Батлан хамгаалах хүчин оршин суугчдыг аюулгүй газарт нүүхийг анхааруулснаар иргэд өмнөд хэсгийн Хан Юнис хот руу олноор дүрвэсэн.
Тэгвэл Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант өчигдөр /2024.02.01/ Хан Юнис дэх Хамас бүлгийнхнийг бут ниргэсэн гэж мэдэгдлээ. “Израилийн Батлан хамгаалах хүчин Хамасын 10 мянган дайчинг устгаж, 10 мянгыг нь шархдуулж ялалт байгуулав. Хамасынхан хүч хэрэглэхийг л ойлгоно. Тиймээс энэ ялалт барьцааныхныг буцаж ирэхэд нөлөөлнө” гэж Галлант хэлжээ.
Гэхдээ Израиль Хан Юнисийг бүрэн хяналтдаа авсан гэж хараахан зарлаагүй байна. Галлантын мэдэгдсэнээр Хан Юнис дэх Хамасын хүчин өмнө нь 30-40 мянган хүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэгэхээр одоо Хамасын хүч 56-75 хувиар буурсан гэсэн үг ажээ.
Израилийн армийн 55 дугаар бригад Хамасын нууц ажиллагаа явуулдаг 70 орчим хонгилын гарцыг устгаж, пуужин хөөргөх хоёр цэгийг идэвхгүй болгожээ.
Дараагийн ээлжинд Израилийн арми Газа-Египетийн хил дээрх Рафах хотоос Хамасын хүчинг хөөн гаргахаар төлөвлөж байна. Израилийн тал Египеттэй зэвсэгт мөргөлдөөн үүсгэхээс болгоомжилж, тус бүсэд хуурай замын довтолгооны цэрэг илгээхээс зайлсхийж буй.
Эх сурвалж: UPI