Нэгдүгээр сарын 20-н буюу маргаашаас шинэчлэгдсэн 74 чиглэлд 1,074 автобус үйлчилгээнд явж эхлэх гэж байна. Энэ талаар өнөөдөр Нийтийн Тээврийн Газраас/НТГ/ хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өгсөн юм.
Автобусны шинэ чиглэлийн мэдээллийг imap.mn сайтаас авах боломжтой болжээ.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Автоубсны буудлууд дээр шинэ маршрутын мэдээллийг хэрхэн харуулсан бэ, хороолол чиглэлийн автобус хотын төв рүү яаж явах вэ?
-224 буудал дээр автобусны шинэ чиглэлийн мэдээллийг хэвлэмэл байдлаар байршуулсан.
Хойгуур явж байгаа чиглэлийн автобуснаас урд чиглэлийн автобус руу дамжин суух маршрутыг зураглалаар оруулсан.
Автобус дотор Улаанбаатар смарт карт төлбөрийн хэрэгсэл хэвээрээ байгаа. imap.mn App Store болон Play Store-д албан ёсоор орсон байгаа учир иргэд татаж аваад гар утаснаасаа автобусны чиглэлүүдийг харах боломжтой.
Иргэд 500 төгрөгөөрөө зорчино, дамжин суух хугацаа 30 минут дотор байх нь хэвээрээ. Удахгүй болох НИТХ-аар нийтийн тээврийн тариф, дамжин суултыг дөрвөн удаа болгох асуудлыг шийднэ.
-Автобусны төлбөрийг ямар ч хэлбэрээр төлөх боломжтой болно гэсэн. Бэлтгэл ажил нь хийгдсэн үү, Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд жилд хэчнээн төгрөг төвлөрөх вэ?
-Улаанбаатар смарт картын төлбөрийн хэрэгслийн хүртээмж бага байгааг иргэд шүүмжилдэг. Тиймээс автобусны төлбөрийг төлөхөд бүх төрлийн карт уншдаг, QR уншуулж төлдөг болгох хөгжүүлэлтийг хийж байна, ирэх сарын сүүлээр биеллээ олно.
Шинээр ирж байгаа автобус найман камертай, үүний нэг хэсэг нь орж байгаа иргэдийг тоолно. Ингэснээр цахим төлбөр тооцооны хэрэгсэл уншигдсан тоо, үйлчлүүлсэн зорчигчдын тоо зөрөхгүй байх юм.
Шинэ маршрутаар үндсэн чиглэлийн автобус хоорондын зай 4 минут, тойрог чиглэл болон дамжин суух автобус хоорондын хүлээгдлийн хугацаа 10 минут байна.
Автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох журам хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд эцэслэн батлагдаагүйг тодотгов.