Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өчигдөр (2023.06.20) хэлэлцсэн.
Урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлалаа.
Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож шийдвэрлэлэсэн юм.
С.Батдөлийг эрүүгийн хуулийн 22.10, 22.4, 18.6 гэх зүйл ангиудаар яллагдагчаар татаад байгаа юм.
Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах 2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхээс С.Батдөлийг дээрх зүйл ангиудаар гэм буруутай гэж үзвэл 2-5 жилийн хорих ялаар шийтгэгдэхээр байна.