Монголын боловсролын салбарын хамгийн том үзэсгэлэн гэгдэх “Боловсролын шинэчлэл-2023” нэгдсэн арга хэмжээ 13 дахь жилдээ “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд энэ сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа.
Тус үзэсгэлэнгийн зорилго боловсролын салбарын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд туслалцаа үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.
Үзэсгэлэнгээс дотоодын бүх их, дээд сургууль, коллежийн танилцуулга, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутны хөгжлийн зээлийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээллүүдийг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн нь онцлог байлаа.
Энэ үеэр элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодруулахаар улсын томоохон сургуулиудын үзэсгэлэн яармагаас элсэгчдэд хэрэгтэй дараах мэдээллүүдийг асууж тодруулсан юм.
МУИС төгсөгчдийн 75 хувь нь ажлын байраар хангагддаг
МУИС-ын Элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б. Наранцогт:
МУИС нь нийт 25 мянган оюутантай бөгөөд бакалаварын 149, магистр 130, докторын 58 хөтөлбөрт сургалт явуулдаг. Жилдээ 3-5 мянган оюутан төгсдгөөс 75 хувь нь ажлын байртай байгааг судалгаанаас харж болно. Мөн өнгөрсөн жилээс Улаанбаатар сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль, Дорнод, Ховд аймагт сургуулиудыг бүрэлдэхүүндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
МУИС нь Либерал арт хөтөлбөр буюу сонирхож буй сургуульдаа эхний жил элсэн суралцаад дараа жилээс мэргэжил, хөтөлбөрөө сонгон, үргэлжлүүлэн суралцах тогтолцоо хэрэгжүүлдэг. Энэ нь нэг талаас тухайн салбар сургуульд байгаа бүх мэргэжлийн хөтөлбөрийг нарийн судлах, багш нараас зөвлөгөө авах, тухайн мэргэжлийн тухай нарийн ойлголттой болсны дараа сонголтоо хийх боломжийг оюутанд олгодог давуу талтай.
ЭЕШ өгч буй сурагчдаа зориулж зөвлөхөд, ирэх жилээс БҮТ, Боловсролын яамнаас ЭЕШ-ын тогтолцоог өөрчилж байгаа бөгөөд ингэхдээ физик, биологи, хими гэсэн хичээлүүд нийлж байгалийн ухааны шалгалт, газар зүй, нийгэм, түүхийн хичээлийг багцалж нийгмийн ухаан багц шалгалт авахаар шинэчлэлт хийгдэж байна.
Өөрөөр хэлбэл эмч болохын тулд хими, биологийн хичээлийн шалгалт өгдөг байсан бол ирэх жилээс физикийн хичээлтэй нэгтгэн байгалийн ухааны шалгалт өгөх тул тухайн багцад байгаа бүх хичээлүүдэд ижил амжилт үзүүлэх шаардлагатай болж байна.
Тиймээс энэ жил ЭЕШ-аа амжилттай өгч, хүссэн мэргэжлээрээ, хүссэн сургуульдаа ороорой гэж захья. Нэг жил өнжих, эсхүл дараа жил дахин ЭЕШ өгөхөд ижилхэн амжилт үзүүлэхэд бэрхшээлтэй болж байгааг дурдах нь зөв биз ээ.
Уул уурхай, эрдэс баялагийн салбарт мэргэжилтгэн бэлтгэнэ
Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн мэргэжилтэн Б.Бурмаа:
-Манай сургууль нь Монгол, Герман улсын Засгийн газар хамтарч 2013 онд кампус хэлбэрээр байгуулсан бөгөөд Монголын хамгийн отгон, төрийн өмчийн их сургууль юм. Одоогийн байдлаар 370 орчим оюутантай, 125 төгсөгчтэй. Жилдээ 130 орчим оюутанг механик инженерчлэл, эрдэс баялгын боловсруулалт, үйлдвэрлэлийн инженерчлэл, хүрээлэн буй орчны инженерчлэл, мехатроник, цахилгааны инженер зэрэг бакалаврын зургаан хөтөлбөрт элсэлт авдаг.
Бүх хичээлийг англи хэл дээр, монгол, герман багш нар заадаг төдийгүй уртын дадлага, зуны хөтөлбөр болон төгсөх жилд нь бүтэн семестр Фрайдергийн техникийн их сургуульд оюутан солилцоонд хамруулж, Германы эрдмийн солилцооны тэтгэлэгээр эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Төгсөгчдийн 90 хувь нь ажлын байраар хангагддаг бол үлдсэн 10 хувь нь гадаадад мэргэжил дээшлүүлэхээр суралцдаг.
ЭЕШ өгч буй хүүхдүүдэд хандаж, сонирхож байгаа мэргэжлийн чиглэлээрээ хүнээс зөвлөгөө авах, гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөөрэй. Бусдын шахалтаар дургүй мэргэжлээ сонгох, эсхүл сэтгэлийн хөөрлөөр мэргэжлээ сонгох нь эрсдэлтэй тул бусадтай сайн зөвшилцөх, эрэлттэй мэргэжлүүдээс сонгохдоо алийг нь илүү хийж чадах вэ гэдгээ сайн бодож, шийдвэрээ гаргаарай гэж хэлмээр байна.
ХААИС-д 2+2 хөтөлбөр, тэтгэлгээр суралцах боломжтой
ХААИС-ын Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн багш Б.Эрдэнэбат:
ХААИС нь зургаан салбар сургуульд 65 хөтөлбөр, 5000 гаруй оюутантай хичээллэж байгаа бөгөөд малын эмч, хөдөө аж ахуйн салбарын инженер, программ хангамж зэрэг мэргэжлүүд өндөр эрэлттэй байдаг. Өмнөх жилүүдэд цар тахлын нөлөө болон ЕБС төгсөгчдийн тоо буурсны улмаас 1200-гаад оюутан элсүүлсэн ч энэ жил 1500-гаад оюутан шинээр элсүүлэх төлөвтэй байна.
Багш нарын 70 орчим хувь нь профессор, доктор цолтой, гадаадын олон сургуультай хамтарч 2+2 зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, олон төрлийн тэтгэлэг олгогддог зэрэг нь манай сургуулийн онцлог юм. Ер нь судалгаанаас харахад хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн ажлын байр хангалттай байдаг ч энэ салбарын мэргэжлийн тухай мэдээлэл хомс, ойлголтгүйгээс зарим мэргэжилд элсэгчдийн тоо цөөн байдаг нь ажиглагддаг.
ШУТИС жилд хоёр удаа элсэлтээ зохион байгуулж байна
ШУТИС-ын Геологи, Уул уурхайн сургуулийн багш, маркетингийн ахлах мэргэжилтэн Доктор Б.Улаанбаатар:
-Манай сургуульд 20 гаруй мянган оюутан идэвхтэй суралцдаг бөгөөд жилд ойролцоогоор 8000 орчим оюутан шинээр элсдэг. Жилдээ хоёр удаа онлайнаар элсэлт зохион байгуулдаг бөгөөд Ковид-19 цар тахлын нөлөө буурсан хийгээд “Алсын хараа 2050” хөтөлбөрийн хүрээнд дурдагдаж буй ирээдүйд өсөн нэмэгдэх, эрэлттэй, тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн тэн хагасыг манай сургууль бэлтгэдэг. Саяхан Засгийн газрын мэдээлснээр ирээдүйд 50 мянга орчим инженерийн ажлын байр бий болох судалгаа байна. Гэвч ойрын тав, зургаан жилийн хугацаанд энэ эрэлтийг хангаж чадахааргүй хэмжээнд байгаа бөгөөд инженерийн хөтөлбөрийн элсэлтээ нэмэгдүүлэх, ирээдүйн бүтээн байгуулалт болон дотоодын инженер ажилчдыг хангах зорилготойгоор ажиллаж байна.
Орон нутаг дахь салбар сургуулийн босго оноо 440 бөгөөд энэ жилийн элсэлтийн нэг онцлог нь суурь хичээл болон дагалдах хичээлүүдээс сонгож элсэх боломжтой. Жишээ нь аялал жуучлалын мэргэжлээр элсье гэвэл суурь хичээл нь математик, монгол хэлний шалгалтын аль нэгийг өгөх, дагалдах хичээл нь нийгэм судлал, англи хэлний шалгалтын нэгийг сонгон өгөх, босго оноо 440-ыг давахад орох боломжтой байна. Энд салбар сургууль бүр, хөтөлбөр бүрийн суурь болон дагалдах хичээлүүд ялгаатайг дурдах нь зөв байх.
ЭЕШ өгч буй сурагчдаа хандаж хэлэхэд, итгэл үнэмшлээ дагаж мэргэжлээ сонгоорой. Рекламд бүү хууртаарай. Аливаа зүйл их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бий болдог тул сайн хичээж, тэвчээртэй, зоримог байж, хүсэл эрмэлзлээ дагаарай. Сонирхолгүй мэргэжлээрээ суралцах хэрэггүй. Сонирхолгүй байна гэдэг нь зорилго, зорилтгүй байна гэсэн үг тул өөрийн сонирхол, итгэл үнэмшлийг дагаж, сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Өөрийгөө битгий голоорой, битгий шантраарай гэж хэлье.
СУИС-д эрэлттэй байгаа 9 мэргэжилд тэтгэлэг зарлагдсан
СУИС-ын Оюутан хөгжил үйлчилгээний газрын дарга Б.Болормаа:
СУИС нь бүтцийн зургаан их сургууль, нэг ахлах сургуультай, нийт 30 хөтөлбөрөөр элсэлт авч байна. Эрэлт ихтэй мэргэжлүүд дээр тэтгэлэгтэй хөтөлбөрүүд зарлаж байгаа бөгөөд жишээ нь Багш-Урлагийн боловсрол, Дууны техникч , Утга зохиолын анги зэрэг нийт эрэлттэй байгаа 9 хөтөлбөрт тэтгэлэг зарласан байгаа. Энэ жилийн хувьд ЭЕШ-ийн босго оноо 440 болж буурсан бөгөөд нэмж ур чадварын шалгалт өгөх юм. Харин ур чадварын шалгалт авахгүй утга зохиол, сэтгүүл зүй, маркетинг, менежмент, номын сан зэрэг хөтөлбөрүүдэд элсэхэд ЭЕШ-ийн босго оноо 480 байгаа.
2023-2024 оны хичээлийн жилд ойролцоогоор 600 элсэгч авахаар яригдаж байна. Судалгаанаас үзвэл төгсөгчдийн 70-80 хув нь ажлын байраар хангагддаг бөгөөд аль ч хөтөлбөрөөр төгсөхөд ажлын байранд хөрвөх чадвартай.
Мөн оюутнуудыгаа дэмжсэн олон хөтөлбөр, тэтгэлэг зарладаг ба гадаадын 60 гаруй холбооны гишүүн байгууллага тул мэргэжлээ дээшлүүлэх, дадлага хийх, олон улсын фестиваль, наадмуудад оролцох зэрэг олон боломжууд бий. Жишээ нь ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан элсэгчдэд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
ЭЕШ өгч буй сурагчиддаа хандаж хэлэхэд, мэргэжил сонгохдоо сэтгэл хөөрлөөр шийдэхгүйгээр ирээдүйд хэн болох гэж байгаагаа сайтар бодож, зорилгоо тодорхойлж, тухайн мэргэжлийг сайн мэдэх хүмүүстэй зөвлөлдөж шийдээрэй гэж захъя.