Ням гарагт Йордан дахь цэргийн баазад нь халдаж, алба хаагчдын амийг хөнөөсний хариу арга хэмжээг яаж авахаа эцэслэн шийдвэрлэснийг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр энэ асуудлаар Цагаан ордонд зөвлөхүүдтэйгээ уулзаж, ярилцсан юм.
Өчигдөр сонгуулийн ажлаар Флорида руу нисэхээр Цагаан ордноос гарахдаа Байден сэтгүүлчидтэй уулзжээ.
Шийдвэр гарсан эсэхийг сэтгүүлчид асуухад тэр “Тийм” гэж хариулсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
“Ойрх Дорнодод бүрэн хэмжээний дайн явуулах шаардлага бидэнд байхгүй гэж би бодож байна. Надад ингэх сонирхол алга” гэж Байден энэ үеэр хэлжээ.
Халдлагад Иран улс буруутай эсэхийг асуухад тэр “Тэд халдлагад ашигласан зэвсгийг нийлүүлсэн гэдэг утгаараа хариуцлага хүлээх болно” гэж хариулсан байна.
Ням гарагийн өглөө Сирийн хилийн ойролцоох Йорданы цэргийн баазад дроноор халдсаны улмаас АНУ-ын гурван цэрэг амь үрэгдэж, 34 цэрэг шархадсан юм.
Бүгд Найрамдахчууд хатуу хариу арга хэмжээ авахыг Ардчилсан Намын ерөнхийлөгч Байденаас шаардаж байгаа. Гэхдээ тэр Ойрх Дорнодод шинэ дайн дэгдээх хэмжээний арга хэмжээ авахаас болгоомжилж байна.
Өчигдөр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хариу арга хэмжээ нэг бус, хэд хэдэн хэсгээс бүрдэхийг мэдээлсэн юм.
“Бид зохих ёсны хариу арга хэмжээг авна гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно. Ингэхдээ зөвхөн нэг үйлдэл биш, үндсэндээ олон цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тэр хэлжээ.
Тегераны дэглэм Йорданд болсон халдлагатай ямар ч холбоогүйгээ өмнө нь мэдэгдсэн. Мөн өөрийг нь уг халдлагатай улс төрийн зорилгоор холбож буй АНУ-ын засаг захиргааг шүүмжилж байв.
Ираны дэмжлэгтэй Иракт үйл ажиллагаа явуулдаг Катэб Хезболла зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн баазуудад халдахаа зогсоох шийдвэрийг өчигдөр зарласан нь хариу арга хэмжээний хохирогч болохоос сэргийлэх зорилготой байлаа. Тус бүлэглэл Йорданы халдлагыг үйлдсэнээ хүлээгээгүй юм. Гэхдээ Пентагон болсон халдлагад тус бүлгийн оролцоо байгаа гэж үзэж байна.
“Иракийн засгийн газрыг эвгүй байдалд оруулахгүйн тулд бид эзлэн түрэмгийлэгч хүчний эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоож байна” гэж Катеб Хезболла бүлэглэл вэб сайтаараа мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийн талаар байр суурийг нь асуухад Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Пэт Райдер “Үгнээс үйлдэл илүү чанга сонсогддог” гэж хариулсан байна.
Эх сурвалж: Reuters