“Баавгай болохсон” кино олон нийтийн дунд нэгэнт хүлээлт үүсгээд байна. Найруулагч П.Золжаргал уран бүтээлчийн эрмэлзлийн хувиар Монгол дахь нээлтээ ихэд чухалчилсан. Амжилтын хувьд Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхаж, орон орны фестивалиудаас өндөр үнэлгээ аваад буй. Гэвч чухам энэ нээлтийг П.Золжаргал найруулагч яагаад онцлов?
Намар, “Улаанбаатар” олон улсын кино наадмаар эхний монгол үзэгчид “Баавгай болохсон”-той танилцсан юм. “Тэнгис” кинотеатрын танхим дүүрэн алга ташилт долоон минут орчим үргэлжлэв. “Энэ киног монголчууд маань л хурдан үзээсэй” гэсэн хүлээлтийн ард П.Золжаргалын хэлсэн үг санаанд орж байлаа.
Тэр “Киногоо ид хөхөө өвлийн хүйтнээр нээнэ. Өвлийн хүйтний хүнд, хэцүү нөхцөл байдалд үйл явдал маань өрнөдөг. Бас киногоо монголчуудаа үзээсэй гэж зориулж хийсэн. Тийм болохоор Монгол дахь нээлт маань маш чухал” гэж дурдсан юм.
Энэхүү нээлт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 12-нд болох гэж байна.
“Баавгай болохсон” гэсэн мөрөөсөл өвөлдөө -30 хэм хүрч хүйтрэхийг үздэг монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн цаана нуугдан буй нь дамжиггүй. Баавгай болчихвол утаатай, хүйтэн, хахирган өдрүүдэд зүгээр л иччихнэ шүү дээ. Ичээд өвлийг туулчихдаг бол сайхан аа?
Гэхдээ хүмүүс бид тэгж чадахгүй. Туулахаас л аргагүй. Гэхдээ илүү сайнаар даван туулдаг болох боломж бий. Өвлийн өвөлд л утааны асуудал сөхөгддөг, хөдөөнөөс хотод нүүн ирсэн айлууд түлээ түлшээ болгох гэж зүдэрдэг, хүүхдүүд ар гэрийн хүнд хүчир хөдөлмөрөөс үүдэн боловсролдоо анхаарч чаддаггүй дүр зургийг өөрчилж болно.
Ийм бодит үнэнийг “Баавгай болохсон” үзүүлэхийн зэрэгцээ бидэнд шийдэл санал болгосон юм. Шийдэл нь сайн боловсрол. Сайн боловсрол эзэмших хүсэл тэмүүллийн зэрэгцээ ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдалтай зөрчилдөн тэмцэж буй түүхтэй бид тун удахгүй танилцах гэж байна.
“Уйлбал бууж өгөх гээд байх шиг санагдаад байна!” гэж шийр заах гол дүрийн хүү шиг, бид жилээс жилд шийр заан, өвлөөс өвлийг давж байгаа бодит үнэнийг дэлгэцээс үзэхэд сэтгэл хүчтэй донсолдог. Зориудын драматик үзүүлээгүй, үнэн байдал нь өөрөө урсаж, түүгээр дамжуулан зүрх сэтгэлд нөлөөлөх “Баавгай болохсон” кино дэлхийд гарсан, үнэлэгдсэн.
Одоо харин зориулагдсан, жинхэнэ “эзэд”-дээ хүрэх гэж байна. Та нэгдүгээр сарын 12-ноос баавгай болоход бэлэн үү?