Хойд Солонгост зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон. Гэвч энэхүү хориг нь идэвхтнүүдийн баярын мэндчилгээг хориглож чадсангүй. Тухайлбал, Библийн сургааль зэргийг суулгасан флаш дискийг лонхонд хийгээд Шар тэнгисээр дамжуулан Хойд Солонгост хүргэжээ.
“Бид Хойд Солонгос руу мэдээлэл хүргэхийн тулд газар, агаар, далай гээд бүх арга замыг ашиглана. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн Хойд Солонгосын ард түмэнд нэн чухал тусламж үзүүлэх зорилго бүхий Үнэн ажиллагааны нэг хэсэг юм” гэж Вашингтон Д.С.-д төвтэй Хойд Солонгосын эрх чөлөөний эвслийн тэргүүн Сюзанне Шолте хэлжээ.
Тус эвсэл нь 17 лонх Хойд Солонгос руу илгээсэн. Лонхнуудад нэг ам.долларын дэвсгэрт, нэг ам бүлийг бүтэн долоо хоногийн турш хооллож хүрэлцэх цагаан будаа зэргийг хийжээ.
Харин флаш дискнүүдэд үгийг нь өөрчилсөн Хойд Солонгосын дууг суулгажээ. Тодруулбал, Ким Жон Уныг магтан дуулсан дууны үгийг бурхныг магтан дуулсан болгон өөрчилсөн байна. Мөн К-поп дуунууд, Конгрессын зарим гишүүний хэлсэн Хойд Солонгосын ард түмний эрх чөлөөг сурталчилсан дуут мессеж зэргийг суулгажээ.
Хойд Солонгосын эрх чөлөөний эвсэл байгууллага 2022 оноос эхлэн тус улсад илгээмж илгээж эхэлсэн. Мөн Хойд Солонгост хүргэх боломжтой бараа бүтээгдэхүүн цуглуулах хөтөлбөрийг америкчуудын дунд эхлүүлжээ. Тус эвслийн ачаар гадаад ертөнцийн талаар мэдээлэлтэй болсон хойд солонгосчуудын тоо нэмэгдсээр байгаа гэв.
“Хойд Солонгост удирдах албан тушаал хашигсдад өглөө бүр хоёрхон сонголт л тулгардаг. Нэг бол Ким Жон Унд үнэнч боол байх, эс бол тэдний гэр бүлийнхний үхлийг хүлээх. Тийм ч учраас маш олон хүн тэндээс зугтаж эхэлсэн. Зөвхөн хоолны төлөө бус эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө тэд зутгдаг” гэж Сюзанне Шолте хэлжээ.
Эх сурвалж: FOX NEWS