Австралийн албан ёсны үндэсний өдөр өнөөдөр тохиож байна.
Жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг энэ баяр нь Австрали улсын үндэстний олон янз байдлыг онцолсон өдөр юм.
Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, “Тунгаах, Хүндэтгэл, Тэмдэглэх” уриан дор цугларан тэмдэглэдэг байна.
Уг өдөрт зориулан Монголд амьдардаг австраличууд болон Австралид төгсөгчид оролцсон арга хэмжээг ЭСЯ-наас зохион байгуулжээ.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит “Австралийн үндэсний баярын өдөр нь австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг бидэнд олгодог юм. Энэ өдрөөр бид өөрсдийн түүх соёлоо эргэн дурсаж, дэлхий дахинд буй австраличуудтай цуглаж, эх орондоо хүндэтгэл үзүүлдэг билээ.
Орчин үеийн, хүртээмжтэй нийгэм бүтээхийн төлөө ард түмэн, соёл, газар нутгийнхаа гэх олон талт баялгийг бид онцлох нь зүйтэй” гэлээ.
Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд Австрали улс иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. 750 гаруй төгсөгчтэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 30 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн.
Австралийн компаниуд Монгол Улсад чанартай хөрөнгө оруулалт, ажлын байр, ур чадварын хөгжлийг бий болгож байгаад баяртай байдаг. Австрали, Монгол хоёр улс мөн жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна хэмээн Монгол Улс дахь Австралийн ЭСЯ-наас мэдээллээ.