АН-ын тойргийн мандат хуваарилалт ба жагсаалтын дэсэд голлох нөлөөг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, дараа нь Л.Гантөмөр, удаахад намын тэргүүн дэд дарга С.Баярцогт тэгээд Н.Ганибал, Ц.Туваан нарын “Нэг монгол” фракц үзүүлэх прогнозтой байна.
Энэ дагуух Л.Гантөмөр хэрхэх вэ нюансыг хүргэе.
Хэдий муу нэртэй ч Л.Гантөмөр бол АН-ын дарга. Нэг нам найман жил засгийн эрхийг дангаараа барьж, парламентад үнэмлэхүй олонхоор суусан энэ жилүүдэд АН үйрэн сарниж, системийн бүхэллэг бүтцээс бутархай нэгж болтлоо бүдгэрсэн үү гэвэл бүдгэрсэн.
Гэхдээ ардчилсан хувьсгалыг монголд анхлан сэвэлзүүлэгч эл намд хайртай, үзэл санааг нь дэмжигч гишүүдийн итгэл бас чиг тийм ч амархан сарничихгүй юм. МАН-тай зэрэгцэн зогсох ийм том хүчнийг өнөө цагт удирдаж яваа хүн бол Л.Гантөмөр.
Тэр утгаараа мандат хуваарилалтад намын дарга нарын оролцож ирсэн үнэмлэхүй эрх хэмжээ энэ удаа ч түүнд ирнэ ээ. Өөрөөр хэлбэл, АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэж буй ч эцсийн байдлаар Л.Гантөмөр ширхэгчлэн батлах юм.
АН доторх фракцууд МоАХ л биш бол ер нь гундуухан, сэтгэл дундуур байгаа ийм үед тэдний хүслийг Л.Гантөмөр хамгийн сайн хангаж өгөх, хамгаалах дүр нь юм.
Ерөнхийчлөн харахад, Л.Гантөмөр, С.Баярцогт нарын нэгдэл мандат хуваарилалтад Х.Баттулгатай эн зэрэгцэх, түүнтэй зарим хэлцэл хийх, МАН-ын холбоос үүсгэх, тойргийн хүчийг сөөлжих зэрэг зохицуулалт дээр ажиллахаар байна.
Үүн дээр мандат хуваарилалтад өөрсдийн эрх ашгаа хамгийн сайн хамгаалах фракцаар АН дотор Ц.Туваан, Н.Ганибал нарын “Нэг монгол” нэрлэгдэж байна. Тэдний саналаар намын генсек тавигдсан. АН-ын одоогийн УИХ-ын гишүүд тойрогт өрсөлдөхөөр яригдаж буй ч хүсвэл Н.Ганибал жишээ нь жагсаалтын эхний аравт эрэмбэлэгдэх нөлөөлөлтэй байгаа юм.