БШУЯ-наас өнгөрсөн сарын сүүлчээр Боловсролын зээлийн сангаас оюутны хөгжлийн зээл авсан болон сургалтын төлбөрийн зээлээ одоо болтол төлөөгүй суралцагчдын мэдээллийг ил болгосон билээ. Үүнээс 230 оюутан зээлээ төлөхгүй, улсад нийт 27 тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгааг албаныхан хэлж байсан. Тэгвэл энэхүү мэдээллийг ил болгосноос хойш 250 гаруй сая төгрөг төлөгдсөн гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна. БШУЯ-наас Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилт болон гадаад дотоодод олгож буй тэтгэлгийн сонгон шалгаруулалт, эргэн төлөлттэй холбоотой дараах мэдээллийг хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй өгсөн юм.
БЗС-ийн зээлийн сонгон шалгаруулалтыг Засгийн газраас хамааралгүй болгоно
БЗС-ийн зээлийг улс төрд нөлөө бүхий эсвэл мэдээлэл ойр байдаг, танил талтай хүмүүс авдаг гэх хардлага нийгэмд олон жил байсаар ирсэн. Тэгвэл Монгол Улс, БШУЯ оролцдоггүй сонгон шалгаруулалт цөөнгүй байдаж ажээ. Тухайлбал, тухайн улсын Засгийн газар оюутнаа өөрсдөө нарийвчилсан шалгаруулалтаар сонгон шалгаруулж авдаг. Харин манай улс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр эсвэл амьдрах зардлыг олгодог ажээ. Тухайлбал, оюутан залуусын дунд эрэлттэй байдаг дараах тэтгэлгүүд ордог байна.
-Японы Засгийн газрын тэтгэлэг
-Австралийн Засгийн газрын тэтгэлэг
-БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-БНТУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэг
-Чехийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр багтдаг ажээ. Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтад манай улс оролцдоггүй юм байна. Харин хамтарч сонгон шалгаруулалт хийдэг дараах улсууд байдаг. Энд л гаднын нөлөө орох эрсдэлтэй байдаг гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ. Тухайлбал,
-АНУ-ын фулбрайтын тэтгэлэг
-ИБУИНХУ-ын чевнингийн тэтгэлэг
-Унгарын тэтгэлэг
-Польшийн тэтгэлэг
-Вьетнамын тэтгэлэг
-Лаосын тэтгэлэг байдаг ажээ.
Эдгээр тэтгэлгийн сонгон шалгаруулалтад салбарын яам ороцлдог аж. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ сонгон шалгаруулалтад хардлага их байдаг. Англи хэлний өндөр оноо аваад байхад, түүнийг сонгон шалгаруулж байгаа хүн нь англи хэлгүй байх жишээтэй. Англи хэлний оноотой хүүхдийг англи хэлгүй багш яаж сонгон шалгаруулах вэ. Үүнд л гаднын нөлөө орох эрсдэл байна. Тиймээс цаашид сонгон шалгаруулалтыг яамнаас хамааралгүй болгоно. Ялангуяа ярилцлага хийдэг байдлыг сайжруулж, дэлхийн шилдэг багш нарыг урьж хийлгэнэ. Ингэснээр оюутнуудаа сонгон шалгаруулахад хардлага гарахгүй” гэв.
БЗС-ийн зээлээр сурсан бүх оюутны зээлийг тэтгэлэг болгох боломжийг нээнэ
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журмын дагуу гадаадын их дээд сургуулиудад БЗС-ийн зээлээр сураад буцаж эх орондоо ирээд таван жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлвөл зээлийг нь тэтгэлэг болгодог. Тэгвэл одоо БЗС-ийн зээлээр гадаадад сурсан ч бай, дотоодод сурсан ч бай тодорхой шалгуур тавьж, зээлийг нь тэтгэлэгт шилжүүлдэг болно гэдгийг салбарын сайд нь мэдэгдээд байна. Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “БЗС-ийн зээлээр гадаадад сурч ирээд эх орондоо таван жил ажиллавал зээлийг чөлөөлдөг. Гэтэл БЗС-ийн зээлээр дотоодод сурсан оюутнуудын зээлийг ингэж чөлөөлөх боломжгүй байна. Дотоодын хөнгөлөлттэй зээл авсан 169 мянга, Оюутны хөгжлийн зээл авсан 53 мянган хүүхдэд энэ боломж алга. Ийм ялгаа гарчээ.
Хамгийн өндөр зээл авсан хүүхдийн төлбөр тэтгэлэг болж чөлөөлөгддөг. Харин дотооддоо амьжиргааны түвшин муутай, бага орлоготой өрхийн хүүхдийн авсан зээл чөлөөлөгдөхгүй байгаа юм. Тав байтугай 10-15 жил ажилласан хүүхдүүд зээлээ төлж байна. Үүнийг адил болгох ёстой. Гадаадад сурсан байна уу, дотоодод сурсан байна уу хамаагүй. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төгсөөд мэргэжлээрээ улсдаа ажиллавал чөлөөлнө. Дотоодын зээлийн гэрээгээ биелүүлэхгүйгээс 15 тэрбум төгрөгийн өр үүссэн. Манайд 10 мянган диплом хадгалагдаж байна. Мөн дотоодын зээл авагчид зээлээ төлөхгүй бол Монголбанкны мэдээллийн санд бүртгэгддэг. Гэтэл гадаадын зээл авсан оюутнууд ингэж бүртгэгддэггүй. Тиймээс гадаадад сурсан, сурч байгаа оюутны зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэдэг болно” гэв.
Б.Туул
Эх сурвалж: www.cnews.mn