УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан бага ангийн хүүхдүүдэд англи хэлийг багаас нь заах нь зөв, буруу гэсэн мэдээлэл иргэдийг хоёр талцуулаад байгаа билээ. Мөн энэ асуудлыг УИХ-ын гишүүд бас асууж, холбогдох хариулт авч байна.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн ЕБС-иудын багшт хөтөлбөрийн шинэчлэл цаг үеэсээ хоцорсон байна. Тийм учраас хөтөлбөрийн шинэчлэл хийх ёстой. Нөгөөтэйгүүр багш бэлтгэж байгаа тогтолцоо, багш ажлын байран дээрээ ажиллах, нийгмийн баталгаа дээр ахиц дэвшил гаргамаар байна.
Хамгийн сайн нь багш болдог тогтолцоо руу явмаар байна. Багш бэлддэг дурын сургуулиуд бий. Ер нь 40 гаруй сургууль байснаас одоогоор 20 хүрэхгүй сургууль болжээ. Цаашид мэргэжлийн сургууль нь багш бэлтгэн гаргадаг байя.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг байя. Багшийг ажлын байран дээр ирэхэд тасралтгүй хөгжүүлдэг байх ёстой. Хэрэгцээ шаардлагад тулгуурласан сургалтыг ажлын байран дээрээ авдаг байя.
Үндэсний үнэлгээний тогтолцоог хийж чадаагүй. Хуурамч тогтолцоотой байгаа шүү. Хүүхдийн үнэлгээ, багшийн үнэлгээн дээр ч ахиц дэвшил гаргана. Өнөөдөр Монголд боловсролын үнэлгээг тогтолцоотой болгоно” гэв.