NBA улирал эхэлснээс хойш төдийлөн сайн амжилт үзүүлж чадахгүй байсан Лос Анжелес Клипперс баг 9 тоглолт дараалан хожоод байна. Жеймс Харденийг холбогчийн байрлал дээр тоглуулж эхэлснээс хойш тэдний амжилт огцом өсөж дараалсан ялалтуудыг байгуулан хүснэгтийн дөрөвдүгээр байранд орж ирээд буй.
Арван нэгдүгээр сард болсон солилцооны цонхоор Жеймс Харденийг багтаа нэгтгэж байсан ч мөн л тэд амжилт ололгүй 5 дараалан хожигдож байсан удаатай. Харин одоо НБА-ийн аналистуудын ярьж буйгаар тэд нэгэнт хэрхэн тоглох учраа олжээ. Кавай Леонард, Пол Жорж, Жеймс Харден гэсэн хүчирхэг гурвалтай, сэлгээнээс “мэлхий нинжа” хочит бүх одод тоглогч Рассэл Вэстбрүүк гэсэн бүрэлдэхүүнтэй тэд өрнөд бүсийн хүчирхэг өрсөлдөгчид байх нь дамжиггүй.