Нью-Йоркийн Бронкс дахь Шекспирийн өргөн чөлөөний ойролцоох шатан дээр Хоакин Фениксийн рокн ролл бүжиглэдэг хэсэг бол “Joker” киноны сэтгэлд хоногшсон хэсгүүдийн нэг. Тэгвэл яг энэ шатан дээр Хоакин Феникс дуучин Лэди Гагатай хамт бүжиглэж, тамхи татаж буй зураг дэлхий дахинд багагүй шуугиан дэгдээгээд байна.
2024 оны 10 дугаар сарын дөрвөнд нээлтээ хийх “Warner Bros” кино компанийн “Joker II: Folie à Deux” киноны зураг авалтын зургууд дэлгэгдсэн нь овжин маркетинг боллоо хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна.
Өнгөрсөн сард Нью-Йорк хотын шүүх танхимын гадаа тус киноны масс зураг авалтын хэсэг болсон бөгөөд киноныхон буюу алиалагчийн өнгөт үс, маск зүүсэн хүмүүс “Жокерыг чөлөөл, тэр буруугүй” гэсэн пайз барин хашхирч эхэлсэн байна. Энэ үед үүнийг сонирхсон хүмүүс ирж, иргэдийн бөөгнөрөл үүсчээ.
Хэдийгээр кино компани нууц задлахаас зайлсхийж байгаа ч Лэди Гага Жокерын хайр дурлалын хамсаатан Харли Куинны дүрд тоглох нь эргэлзээгүй гэж үзэх хүмүүс олон байна. Мөн Жокер шинэ хайрын романс эхлүүлэх болно гэсэн цуу яриа хүртэл тархаад байна.
Joker” кино нь 2019 онд нээлтээ хийсэн бөгөөд “Box office”-оос нэг тэрбум aм.долларын ашиг олж, Оскарын 11 номинацид нэр дэвшсэнээс жүжигчин Хоакин Феникс тус кинонд бүтээсэн дүрээрээ Оскар атгаж, кино баг “Шилдэг кино”-ны төрөлд ялалт байгуулсан билээ.
Ийм амжилттай киноны дараагийн анги үзэгчдээс өндөр хүлээлттэй байх нь тодорхой бөгөөд энэ ачааг Лэди Гага нуруундаа үүрч байгаа бололтой.
Түүнчлэн Deadline-ий мэдээлснээр Лэди Гагатай хамтарч жүжигчин Брендан Глисон, Кэтрин Кинер, Жейкоб Лофланд, Харри Лоути нар туслах дүр бүтээхээс гадна анхны “Joker” кинонд Софигийн дүрд тоглосон Зази Битз эргэн ирэх гэнэ.