Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны туршлагаас харж байхад дагуул хотыг анх байгуулахдаа тодорхой чиглэл баримтлан санхүү, бизнес, аялал жуулчлал, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн гэх зэргээр салбарлан хөгжүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, тухайн салбар чиглэлд зориулан дэд бүтцийг нь хөгжүүлж, тухайн хотын хөгжүүлэх үндэс суурийг зөв бүрдүүлдэг ажээ.
Манай улсын хувьд ч бас Улаанбаатар хотын ачааллыг хөнгөлөх үүднээс дагуул хотуудыг төлөвлөн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах үйл явцыг бүс нутгийн төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлэхээр зарим төлөвлөгөөт ажлаа эхлүүлээд байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд худалдаа, үйлчилгээ, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр ложистик, аялал жуулчлал гэх мэт тодорхой чиглэлээр төрөлжүүлэн 15 дагуул хот, тосгодыг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Аэросити буюу Шинэ зуун мод хотыг хөгжүүлэхээр ажлаа эхлээд байна. Мөн аялал жуулчлалын бүс бүхий Майдар хотыг барихаар төлөвлөж төслийн ажлыг эхлээд явж байна.
Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөөд байгаа юм. Мөн энэ ажлын хүрээнд шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, гадаад дотоодын жуулчдыг сонирхлыг татах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой үзвэр үйлчилгээний цогцолборыг Төв аймгийн Сэргэлэн сумын, Өгөөмөрийн аман дахь Зүрх толгойд байгуулахаар 2014 онд ажлаа эхлүүлсэн.
Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидсын суварга босгохоор бүтээн байгуулалтын ажлыг эхлээд буй юм. Тухайлбал, бурхан багшийн ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог юм. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байхаар зураг төслийг гаргажээ.