Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу нийслэлийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байгаа аж.
Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна.
Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж бөгөөд дээжийн хариу гараагүй учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
ТҮР ХААСАН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ЗӨРЧЛИЙГ ЦАГДААД ШИЛЖҮҮЛСЭН
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар түр хаагаад буй үйлдвэрүүдийг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говийн эко хүнс” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрт ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг өчигдөр тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэстэй хамтран зохион байгуулан ажиллаж. Хяналт шалгалтаар үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, Мал эмнэлгийн хяналтын улсын байцагчид дээж авч, нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид, Байгаль орчин, эрүүл ахуй, хүнсний хяналтын чиглэлийн улсын байцаагчид хэрэглээний ус, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид дээжийг хүргүүлсэн байна.
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулсан бөгөөд шаардлага хангахгүй, стандарт бус үйлдвэрүүдийн махыг лацдаж дахин устгалд оруулна гэсэн юм.