Хөлбөмбөгийн зүлэг ногоон талбай дээр од болон гялалзаж яваа, Францын энэ цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Килиан Мбаппе ПСЖ багтаа гэрээгээ ямар ч тохиолдолд сунгахгүй гэдгээ мэдэгдсэн нь спортын ертөнцийн анхаарлыг татлаа.
Жилийн өмнө л гэхэд тэрбээр “Удаан хугацааны турш сайтар бодож байж шийдэх ёстой” хэмээн сэтгүүлчдэд хэлж байсан юм. Харин тэр шийдвэрээ гаргасан нь энэ.
2024 он хүртэл байгуулсан хоёр талын гэрээг дахин нэг жил сунгах болзолтой ч Мбаппе ирэх жил багаа орхин явах болсноо мэдээлжээ.
“Cadena SER”-ийн сэтгүүлч Ману Карреньогийн мэдээлснээр Парисын баг энэ зун Мбаппег зарахаар төлөвлөж байгаа ч “Реал Мадрид” руу шилжүүлэх ямар ч боломжгүй гэсэн байна.
Одоо 24 настай К.Мбаппегийн томоохон амжилтуудаас нэрлэвэл:
2018 оны дэлхийн аварга
2022 оны дэлхийн дэд аварга
2021 оны “Үндэстний лиг”-ийн аварга
ДАШТ-д 14 тоглолтод 12 гоол
“Катар-2022” ДАШТ-ий мэргэн бууч (8 гоол)
1966 оноос хойш дэлхийн аваргын финалд хет-трик хийсэн анхны хөлбөмбөгч
2018, 2019 оны Францын шилдэг хөлбөмбөгч
2019, 2021, 2022 оны Францын лигийн шилдэг хөлбөмбөгч
2008 оны ДАШТ-ий шилдэг залуу тоглогч
2007 оны “Golden Boy” шагналын эзэн
Клубын түвшинд нийт 309 тоглолтод оролцохдоо 221 гоол оруулсан
Шигшээ багтаа 66 тоглолтод 36 гоол оруулсан гэдэг үзүүлэлт гарч ирнэ.
Алдарт Пелегийн залгамж халаа гэгддэг Мбаппегийн тухайд өөр нэг бодит баримт гэвэл 20 настайдаа тэрбээр 94 гоолыг оруулж, клуб болон шигшээ багтаа хэн болохоо харуулсан явдал юм. Тэгвэл өнөө цагийн супер од Криштиан Роналдо 21 настайдаа 35 гоолыг, харин Леонел Месси 21 настайдаа 50 гоолыг клуб болон шигшээдээ оруулж байжээ.