Одоогоос бараг 10 жилийн өмнө Мексикийн орон нутгийн нэг коллежийн 43 оюутан учир битүүлэг шалтгаанаар сураггүй алга болсон юм. Нууцлаг энэ хэргийн учир огт тайлагдаагүй байгаа.
Тэгвэл энэ хэргийг шалгаж байсан хоёр мөрдөгч Мексикийн Герреро мужийн нутаг ажиллаж байгаад мөн сураггүй алга болсон байна.
Эрэгтэй, эмэгтэй хоёр мөрдөгчийг эрэн сурвалжлах ажил эхэлснийг Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
“Сураггүй болсон залуусыг олуулахгүй байх хүсэлтэй этгээдүүдтэй энэ хэрэг холбоогүй гэдэгт би найдаж байна” гэж Обрадор энэ үеэр хэлсэн байна.
Мөрдөгчид сураггүй болсон нь Номхон далайн эргийн Герреро мужид хууль дүрэм үйлчлэхээ больсны нэг шинж тэмдэг гэж ажиглагчид үзэж байна.
2014 онд энэ мужийн багшийн коллежийн 43 эрэгтэй оюутан орон нутгийн замаар автобустай зорчиж яваад сураггүй алга болж байжээ.
Тэдний автобусыг орон нутгийн цагдаа нар зам дээр зогсоосон гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Цагдаа нар оюутнуудыг хар тамхины картельд шилжүүлж өгсөн байх гэсэн таамаг одоо болтол яригддаг юм.
Оюутнууд нь алга болсон коллеж Герреро мужийн аялал жуулчлалын төв Акапулко хотоос хойд зүгт оршдог. Хөдөө орон нутгийн энэ коллежийн оюутнууд үймээн самуун дэгдээж, хууль сахиулагчидтай сөргөлдсөөр ирсэн урт түүхээрээ алдартай.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт уг коллежийн нэг оюутан цагдаад буудуулж алагдсан байна. Буудсан цагдааг баривчилсан бөгөөд алагдсан оюутныг хулгайн автомашинтай явсан гэж мэдүүлжээ.
Гэвч хэргийг шалгахаар Холбооны засгийн газраас илгээсэн прокуроруудыг очих үеэр цагдаа саатуулах байрнаасаа оргосон байсныг Обрадор өчигдөр бас мэдээлсэн юм.
Сураггүй алга болсон 43 оюутнаас дөнгөж гурвынх нь шатсан хэсэг ясыг өнгөрсөн хугацаанд илрүүлж байжээ.
Бусад оюутнууд алагдсан нь бараг тодорхой болсон ч одоогоор баримт нотолгоо олдоогүй байна.
Герреро мужид үйл ажиллагаа явуулдаг хар тамхины картель энэ долоо хоногт өөрсдийнх нь заавраар ажиллаагүй Акапулко хотын автобусны жолооч нарыг зэрлэгээр зодож байгааг харуулсан дүрс бичлэг тараасан юм.
Өнгөрсөн долоо хоногт 43 оюутны ар гэрийнхэн пикап автомашинаар Мексикийн ерөнхийлөгчийн ордны хаалгыг мөргөж гэмтээсэн.
Хүүхдүүдийнх нь хэргийг олон жил илрүүлж чадахгүй байгаа эрх баригчдад эцэг эхчүүд, ах дүүс нь ингэж бухимдлаа илэрхийлсэн юм.
Саяхан АНУ-ын Сенатын байнгын хороонд мэдээлэл өгөх үеэрээ Үндэсний Тагнуулын Газрын захирал Аврил Хэйнс хөрш Мексик улсын “зарим газар нутаг тодорхой түвшинд картелиудын хяналтад байдаг”-ийг хүлээн зөвшөөрч байв.
Эх сурвалж: Associated Press