Женев хотын музейгээс Хятадын Мин гүрний үеийн үнэтэй ховор эдлэлүүдийг хулгайлсан Британийн иргэд болох ах дүү хоёр Швейцарын шоронд тус бүр гурван жил хагас хоригдох ял сонссон тухай Лондон хотын цагдаагийн газар Лхагва гарагт мэдээлжээ.
Ах дүү Луйз, Стюарт Ахерн нар 2019 онд Женев хотын Алс Дорнодын Урлагийн Музейгээс хоёр ваар болон дарсны шаазан аягыг хулгайлж байсан юм.
15 дугаар зууны эдгээр эд зүйлсийн нийт үнэлгээ $3.8 сая хүрч байжээ.
Өнгөрсөн хугацаанд алдагдсан эдлэлийн мөрөөр Британи, Швейцарын цагдаагийн байгууллагууд хамтран ажиллаж байв.
Мөрдөгчид нэг ваарыг худалдаж авах сонирхолтой хүмүүсийн дүрээр ах дүүсийг урхидаж барьсан юм.
Тэд ваарыг $570,000-аар худалдаж авах санал тавиад Лондон хотын нэг зочид буудалд уулзжээ.
Баригдсан этгээдүүдийг сүүлд Швейцарын талд шилжүүлсэн юм.
“Ахерны ах дүүс энэ хулгайг маш нарийн төлөвлөж, ул мөр үлдээлгүй гүйцэтгэж, Британид саадгүй тээвэрлэн авчирсан байсан” гэж Лондон хотын цагдаагийн мөрдөгч Мэтт Уэбб тайлбарлажээ.
Хулгайд алдсан ваарын нэгийг худалдаж авахыг завдсан өөр гурван эрэгтэй гэмт хэргийн гаралтай эд хөрөнгө эзэмшсэн хэргээр тусдаа шийтгүүлсэн байна.
Харин гадна талдаа тахианы зураг бүхий чимэглэлтэй дарсны шаазан аяга олдоогүй хэвээр байгааг Лондон хотын цагдаагийн алба мэдээлжээ.
Эх сурвалж: Associated Press