Ер нь зодоглосон барилдаан бүртээ түрүүлж, бэлтгэлжилт, мэдрэмж, бяр нь тэгширсэн гэдгээ харуулсаар байна. Энэ эрчээрээ явбал төрийн наадамд дахин түрүүлэхэд ямар ч асуудал алга.
О.Хангай аварга 2024 он гарснаар Бөхийн өргөөнд таван удаа зодоглосноос дөрөв түрүүлж, нэг үзүүрлэжээ. Шинэ оны эхэнд болсон шинэ Үндсэн хуулийн нэрэмжит барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийд өвдөг шороодож, үзүүрлэснийг эс тооцвол дийлдсэнгүй. Бүр дэлгэрүүлбэл, 2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн даваанд Д.Амарсайхан начинд унаснаасаа хойш гурван сарын хугацаанд ганцхан Б.Бат-Өлзий заанд л унажээ. Алтан цомоор ч Баянхонгорын улсын харцага Н.Золбоо, цэргийн арслан Г.Жамбалдорж тэргүүтэй дөрвөн бөхийг цувуулан хаяж, багийнхаа ялалтад гол үүргийг гүйцэтгэсэн.
Тэгвэл луу жилд өнгөтэй байгаа өөр нэг бөх бол үеийнхнээ төлөөлж, индэр өөд одоог хүртэл гарч байгаа ганц бөх болох улсын арслан Р.Пүрэвдагва. Он жавууд нь хэдийнэ бөхөөсөө холдож, өөр замналаа эхлүүлчихсэн байхад л Р.Пүрэвдагва арслан 40 дөхөж байж л формоо хадгалж, Бөхийн өргөөний барилдааныг алгасах нь ховор юм. Түүнийг дэмжигчид ч арслангаа барилдаж байгаад тун талархдаг.
Өчигдөр/2024.03.03/ Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, улсын харцага Г.Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Харин дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын заан Ц.Одбаяр нар шалгарлаа.
Үүний өмнөх өдөр Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Р.Пүрэвдагва арслан мөн л түрүү булаалдаж, Б.Бат-Өлзий заанд өвдөг шороодсноор үзүүрлэсэн. Хоёр өдөр дараалан барилдаж, шөвгөрнө гэдэг ясны бөх гэдгийг нь илтгэж байгаа гэлтэй.
Энэ долоо хоногт буюу гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.