Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОНАДА/ сүүлийн жилүүдэд дотоод асуудал ихтэй байна. Тус холбоо хэдийгээр тэргүүнээ сольж, удирдлагаа шинэчилсэн ч өмнөх тэргүүн Ж.Хатанбаатарын буруугаас улсын бүртгэлд зөрчил үүсчээ. Тодруулбал, Ж.Хатанбаатар 2017 онд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ТББ-ыг байгуулахдаа удирдах зөвлөлийн нэр бүхий гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хууль бусаар чөлөөлсөн гэх гомдлыг Авилгатай тэмцэх газар шалгаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
МОНАДА 2017 ОНООС ХОЙШ 1700 ГАРУЙ ШИНЖИЛГЭЭНИЙ СОРЬЦ ЦУГЛУУЛЖЭЭ
Уг дүгнэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар зохих шалгалтыг хийж, 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр уг байгууллагатай холбоотой 2017 оноос хойшхи бүх бүртгэлийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, ТББ-ын нэр сольсон, тэргүүн томилсон, удирдах зөвлөл өөрчилсөн болон допингийн шинжилгээний сорьц цуглуулсан зэрэг бүх үйл ажиллагааг хүчингүй болгосон аж.
МОНАДА 2017 оноос хойш 1700 гаруй шинжилгээний сорьц цуглуулжээ.
Дээрх шийдвэрийг шинэ тэргүүн Ц.Уугангэрэл нарын удирдах зөвлөлийн зарим гишүүд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргажээ. Шүүхийн процесс дээд талдаа 200 хоног үргэлжлэх гэнэ. Тиймээс “МОНАДА”-ийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байгаа сурагтай.
МОНАДА-ийн үйл ажиллагаа, бүртгэл, шийдвэрийг хүчингүй болговол хамгийн их баярлах хүмүүс нь өнөөх допингтой бөхчүүд. Эрхгүй байгууллага тэдний шинжилгээний сорьцыг цуглуулсан гэж гомдол гарган ялалт байгуулах талтай. Тиймээс гомдол гаргаж, түдгэлзүүлэхээр одоогийн удирдлага нь ажиллаж байгаа гэнэ.
Улсын арслан Э.Оюунболд, улсын арслан М.Бадарч тэргүүтэй допингийн улмаас эрхээ хасуулсан бөхчүүд эргэн барилдах боломжтой талаар яригдаж байна.
Нөгөө талд МОНАДА хүчингүй болвол Монгол Улс олимпод орж чадах уу гэх асуултыг иргэд хөндөх болсон. Тэгвэл энэ талаар санаа зовох шаардлагагүй аж. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан “Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх” олон улсын стандарт гэж бий. Гарын үсэг зурагч гэдэг нь Монгол Улсын хувьд Үндэсний олимпийн хороо, Үндэсний паралимпийн хороо, Үндэсний допингийн эсрэг байгууллагыг хэлдэг.
Дэлхийн допингийн эсрэг дүрэм , шинжилгээ авах болон бусад шаардлагатай олон улсын стандартын шаардлагыг мөрдөөгүй, алдаагаа засаагүй тохиолдолд л олимпод цагаан тугийн дор оруулдаг жишээтэй.
Харин МОНАДА-ийн тухайд хуурамч гарын үсэгний асуудал сөхөгдсөн учир дээр дурдсан шийтгэл хүлээнэ гэсэн зохицуулалт дүрэм, олон улсын стандартад байхгүй. Энэ бол цэвэр тухайн улсын дотоод асуудал. Тиймдээ ч АТГ, улсын бүртгэлийн газар зохих хууль дүрмийнхээ хүрээнд арга хэмжээ авчээ.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл /Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох/-ийн 48.2.4. зүйлд “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, ийм тохиолдолд улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан байна.
Мөн хуулийн 48.3. зүйлд “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэсэн заалт бий.
Өмнөх зүйлд заасан зөрчил нотлогдсон бол таван жилээс өмнө гарсан шийдвэр ч байсан цуцалж болно гэсэн үг.
Гуравдугаар сарын 6-нд 8236771 хуулийн регистртэй хуулийн этгээд буюу үндэсний допингийн эсрэг байгууллагын хэргийг шалгаж дуустал ямар нэг бүртгэл нэмж хасах ажилд хориг тавьсан шийдвэр гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Бат-Эрдэнэ сайд болон Засгийн газрын түвшинд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, улсын бүртгэлтэй ойр ойрхон холбогдож, одоогийн хүчингүй болоод буй МОНАДА-г хүчинтэй болгохоор ажиллаж байгаа гэв.
Ямартай ч улсын бүртгэлийн байгууллагын одоо хүчин төгөлдөр байгаа шийдвэрээр 2007 онд байгуулагдаж байсан бүрэлдэхүүн сэргэсэн нь үнэн. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Ц.Уугангэрэл хурандаагийн толгойлж буй МОНАДА гомдол гаргасан учир энэ хэрэг цааш удаан хугацаанд үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, энэ бүх будилааныг эхлүүлсэн МОНАДА-ийн тэргүүн асан Ж.Хатанбаатар ажлаа өгсөн хэдий ч одоог хүртэл Ц.Уугангэрэлийн МОНАДА-ийн удирдах зөвлөлд байдаг ажээ.
Харин спорт сонирхогчдын зүгээс ядаж л наадмаас өмнө асуудлаа шийдээсэй гэж хүсч байна.