Швейцарын хөгжлийн агентлаг Монголд хэрэгжүүлсэн зарим төслийнхөө хаалтыг Төрийн ордонд хийхэд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын амжилттай олон ажил дурдагдаж байх юм. Швейцарын Засгийн газар болон ард түмний халуун дэмжлэг Монгол төрийн салаа мөчир бүрд шингэжээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри олон хүүхэдтэй ээжийг санагдуулна. Монголд хэрэгжүүлсэн төслүүдийнхээ хувь заяанд санаа тавьж, цаашдаа ч тогтвортой үргэлжлээсэй хэмээн тэр хүсэж байлаа. “Парламентын ардчиллыг бэхжүүлэх, илүү чанартай төрийн үйлчилгээг иргэддээ үзүүлдэг болоход нь нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хамтын үйл хэрэгт гарсан ололт, амжилт Монголд урт хугацаанд тогтвортой үргэлжлээсэй гэж бид хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нутгийн удирдлагын байгууллагууд дахь түншүүд, эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн хамт олонд үр дүнтэй хамтарч ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье” хэмээн Бурри товчхон хэлсэн юм. Энэ өдөр хамгийн богино үг хэлсэн хүн магадгүй тэр байх. Харин хийсэн ажлаа дүгнэсэн төслийн оролцогчдын яриа бичиж барагдахааргүй урт юм. Зарим хэсгийг нь л энд онцолъё.
Монголд парламентын хяналт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх, зөв төлөвшүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлсэн
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл монголын ардчиллыг бэхжүүлэх, парламентын хяналт шалгалтын тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн дүгнэв.
Хууль тогтоох үйл ажиллагааг дэмжихэд гарсан чухал үр дүн хэмээн тэрбээр Олон Улсын Парламентын Холбооны дэмжлэгтэйгээр хийсэн хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээг нэрлэж байв. “Үнэлгээний үр дүнд УИХ-аас баталж буй хууль тогтоомж, УИХ, Тамгын газрын үйл ажиллагаанд тусгах шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон дүгнэлт, зөвлөмж тун удахгүй гарах юм. Энэ зөвлөмжийг бид Улсын Их Хурлын 2025-2028 хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлнэ” гэлээ.
Д.Энхбат дарга хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг онцлов. “Монголд парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо бүрдүүлэх, зөв төлөвшүүлэхэд уг төсөл олон талын дэмжлэг үзүүлсэн. Энэ ажлын үр нөлөө цаашид ч үргэлжилнэ хэмээн тэмдэглэсэн билээ.
“Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоо 126 болж, парламентын төлөөлөх чадвар нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын хянан шалгах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна” гэлээ.
“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн парламентын боловсролыг дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлсэн гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга дүгнэв. “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийн үйл ажиллагаа, D-Parliament цахим систем бол үүний тод илэрхийлэл мөн гэж үнэллээ.
Төсөл дууссан ч Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагаа үргэлжилнэ. 2024-2027 онд үргэлжлүүлэн ажиллахаар ажил хэрэгч саналууд солилцоод явж байгаа гэдгийг Д.Энхбат дарга дурдсан юм.
Төрийн үйлчилгээнээс бэлчээрийн менежмент хүртэл….
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, засаглалыг дэмжих зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагаас “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг 2017 оноос хойш хоёр үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
Уг төслийн хүрээнд төрийн үйлчилгээ, бэлчээрийн менежментийг сайжруулахад орон нутгийн удирдлагуудыг бодлогоор дэмжих, иргэдийн шийдвэр гаргах түвшинд оролцох боломжийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих гурван дэд төслийг хэрэгжүүлсэн юм. Эдгээр нь, Швейцарын хөгжлийн агентлаг болон Улсын Их Хурлын Тамгын газар хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь дэд төсөл, Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслүүд байжээ.
Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлсэн “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл хаалтаа хийлээ.
Эдгээр төслүүдийн хаалтад оролцохоор төслийн оролцогч, хамтрагч түншүүд болох 150 гаруй зочин төлөөлөгч Төрийн ордны Жанжин Сүхбаатар танхимд цугласан билээ.
Төслийн хүрээнд хийсэн гол ажил болох төрийн байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг тогтмолжуулсан
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь”, “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн үр дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн ийнхүү ярилаа.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хоёр төсөл хэрэгжсэн. Энэ хоёр төслийн захирлын хувьд би хариуцаж ажилласан. Төвлөрлийг сааруулах засаглалыг дэмжих хөтөлбөр гэж ШХА-ын санхүүжилттэй, ХЗДХЯ, Нийслэлийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжсэн. “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төсөл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт найман жилийн хугацаанд хэрэгжээд, ихээхэн үр дүнд хүрснийг онцолж байна. Энэ төслийн үндсэн зорилго Монгол Улсад эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой болгох, энэ чиглэлээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм. Төслийн зүгээс УИХ, Засгийн газар, яам агентлаг болон орон нутгийн байгууллагуудтай идэвхтэй хамтарч ажилласан.
Хууль эрх зүйн орчны шинэчлэл, тэр дундаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмууд, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай болон нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг боловсруулж, батлуулах ажилд төслийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргасан. Орон нутгийнхны чадавхыг дээшлүүлэхээр бүх аймаг, сумдад сургалт зохион байгуулсан.
Монгол Улсад эрх мэдлийн төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2016 онд баталж, түүнийг хэрэгжүүлэх үндэс Төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой дахин хуваарилах аргачлалыг 2018 онд Засгийн газрын тогтоолоор баталсан.
Аргачлалыг бэлтгэх хүрээнд салбарын бүх яамд, орон нутгийн түвшинд 23 ажлын хэсэг байгуулж, 2018-2020 оны хооронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, төслийн зүгээс арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн билээ. Монгол Улсад анх удаа яам болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан, нүсэр ажил болсон.
Төслийн хүрээнд хийсэн гол ажил болох төрийн байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийх, дахин хуваарилах ажлыг тогтмолжуулсан. Хууль эрх зүйн орчныг бий болгосон. Төсвийн тухай хуулиар төрийн байгууллага гурваас доошгүй жил тутам өөрийн байгууллагад чиг үүргийн шинжилгээ, дахин хуваарилах ажлыг хийж, Засгийн газарт танилцуулж байх үүрэг хуулийн дагуу ногдуулсан. Энэ ажлыг хөнгөвчилж, программ бүтээж, ажиллуулж байна. Төрийн ажлыг хөнгөвчилж, чиг үүргийн нэг хавтгай дээрээс харах бололцоог энэ программ олгосон.
Хууль эрх зүйн орчин шинэлэгдэж, тогтвортой үргэлжлэх суурийг тавьж өгсөн.
Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх том төслийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” хоёр жил хагасын хугацаанд хэрэгжиж, үр дүнгээ тайлагнаж байна. Богино хугацаанд хэрэгжсэн ч бусад олон төсөл хөтөлбөрүүдтэй харьцуулахад Монгол Улсыг бүхэлд нь хамарсан нөр их ажил хийж гүйцэтгэсэн гэлээ.
Ж.Цэвээн “Улсын эрх”-ийг боловсруулах үедээ Швейцарын Үндсэн хуулийг ч судалсан
Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажилласан нь 2012 оноос эхтэй. Хэд хэдэн дэд төслүүд хамтран хэрэгжүүлж, нутгийн удирдлага, иргэний оролцоотой холбогдох, Швейцарын сайн туршлагаас нэвтрүүлсэн олон хуулиудыг дурдвал их цаг орно.
2021 оноос Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг жил хагасын хугацаанд хэрэгжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 80 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлд багагүй судалгаа хийж хэрэгжүүлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагаанд туссан төсөл хөтөлбөрүүдийг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг боловсруулахад оролцож байгаа хүмүүсийн чадавхыг сайжруулахад энэ удаагийн төсөл чиглэгдсэн хэмээн танилцууллаа.
Тэрбээр мөн түүх сөхөхөө ч мартсангүй.
Ирэх жил Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой тохионо. Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах хүрээнд тухайн үеийн соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Улсын эрх”-ийг боловсруулах үедээ Швейцарын Үндсэн хуулийг ч судалсан байдаг. Хоёр орон ардчилал, хүний эрх, энх тайвны чиглэлээр бэхжүүлсэн хамтын ажиллагаа 60 жилийн ойтойгоо золгож байна.
Хэдийгээр төсөл дуусаж байгаа ч хоёр орны хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлсээ бэхжүүлэх чиглэлд улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс байна гэв.
Швейцарын хөгжлийн агентлаг бэлчээр ашиглалтыг сайжруулах, энэ хүрээнд малчдын дуу хоолойг сонсох чиглэлээр их ажилласан
Хурлын завсарлагааны үеэр зарим төлөөлөгчтэй ярилцлаа.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Ганхуягаас бэлчээр тойрсон асуудлаар тодруулав.
– Нэг үеэ бодвол малчид, бодлого боловсруулагчид бэлчээрт анхаарал хандуулахгүй бол болохгүй байгаа талаар ярьдаг, одоогийнхоороо явж болохгүй гэдэг дээр нэгдсэн ойлголттой болсон. Өөрчлөлт хийх цаг болсон, ямар өөрчлөлт хийх гэдэг дээр зөрүүтэй саналууд явдаг. Гэхдээ хууль эрх зүйн орчноо сайжруулъя. Ашиглагч нь хамгаалагч байя. Орон нутгийн малчид бэлчээртээ анхаарал хандуулъя. Хөрөнгө оруулъя, төрийн дэмжлэг авъя. Зах замбараагүй нүүдэл суудлыг хумья. Бэлчээртээ хөрөнгө оруулъя, малын тэжээл тарья, бэлчээрээ сайжруулбал малаа өсгөж болно гэдгийг ойлгосон учраас энэ чиглэлтийн зохицуулалтуудыг Газрын багц хуульд тусгах эсвэл бэлчээрийн тусдаа хууль байж ч болох талаар малчид, бодлого боловсруулагчид нэг дуугаар ярьдаг болсон.
Швейцарын хөгжлийн агентлаг бэлчээр ашиглалтыг сайжруулах, энэ хүрээнд малчдын дуу хоолойг сонсох чиглэлээр их ажилласан. Өмнө нь “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийг арав гаруй жил хэрэгжүүлсэн. Энэ төслүүдийн хүрээнд бэлчээрт чиглэсэн дүрэм журам, эрх зүйн орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, Малын тоо толгойн албан татварын хууль, Газрын тухай хуульд нэмэлт оруулж, бэлчээрийн чиглэлийн нэмэлт өөрчлөлтүүд, бэлчээр ашиглах журам дүрэм, бэлчээрийн гэрээ энэ бүхэнд судалгаа хийгээд, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь асар их ач холбогдолтой. Бодлогын түвшинд эрх зүйн зохицуулалтуудыг эмхлэх ажлууд хийгдсэн. Энэ нь цаашаа үе шаттай үргэлжилж, хууль болж гарах талаар төслийн хүрээнд цугласан хүмүүс, бодлого боловсруулагчид ярьж байгаа нь энэ төслийн үр дүн гэв.
Цаашдаа орон нутгийн зүгээс “Хууль тогтоомж сурталчлах төв”-өө дэмжээд явах бүрэн боломжтой
Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдоржоос Хууль тогтоомж сурталчлах төвийнх нь ирээдүйн талаар асуув.
-Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монгол Улсад гурван аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулагдсан. Түүний нэг нь Өвөрхангай аймаг. Аймгийн Нутгийн удирдлагын ордонд Хууль тогтоомж сурталчлах төвөө төслийн хүрээнд тохижуулан, үйл ажиллагаа жигдэрч байна. Төвийг хариуцсан орон тооны ажилтантай болсон. Гол зорилго нь УИХ-аас гарч байгаа хууль тогтоомжид иргэдийн саналын авах. D парламентаар дамжаад, хуулийн төсөлд иргэдийн саналыг авах юм.
Төвөө сурталчлах талаар санал санаачилга гаргаж ажиллана. Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот маань 13 багтай, түр оршин суугчидтайгаа 40 гаруй мянган хүн амьдардаг. Иргэд саналаа өгч, УИХ-аас гарсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл авч байна. Хөдөөгийн сумдад хараахан үр дүнтэй хүрч чадаагүй байна. Төслийн хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвийг техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, орон нутгийн зүгээс өрөө танхим бэлтгээд, засвар үйлчилгээ хийсэн. Цаашдаа үйл ажиллагааг нь орон нутгийн зүгээс 100 хувь дэмжээд явах бүрэн боломжтой гэв.
Парламент өөрийгөө үнэлэх алхмыг зоригтой хийж байгаа нь хүний эрх, жендэрийн талаар анхаарч, ач холбогдол өгч буйн илрэл
Парламентын өөрийн үнэлгээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.
-Парламент хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжээ үнэлэхээ зарласан. Одоо энэ ажил ямар шатандаа явна вэ?
-Парламент өөрийгөө үнэлэх ажлыг хийсэн. Одоо үнэлгээний үр дүнг гаргах буюу тайлан, зөвлөмжийг боловсруулах ажил хийгдэж байна. Олон Улсын Парламентын Холбоотой бид ярьж тохирсноор арван хоёрдугаар сарын сүүл гэхэд манай үндэсний зөвлөхүүд буюу хүний эрх, жендэрийн асуудлаар ажилласан дөрвөн зөвлөх маань зөвлөмжийн төслүүдээ эцэслэж ирүүлнэ. Энэ зөвлөмжийн төслийг ОУПХ-нд хүргүүлж, тэдний саналыг аваад, цаашид зөвлөмжтэй холбоотойгоор парламентын түвшинд бодлого, хууль тогтоомжийн чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах арга хэмжээний төлөвлөгөө гаргах юм. Энэ төлөвлөгөөний дагуу цаашид олон үе шаттай ажлууд хийгдэнэ.
-Монголын парламент хэр хүний эрхийн болоод жендэрийн мэдрэмжтэй бол?
-Энэ үнэлгээний мөн чанар бол парламентад сайн, муу оноо дүн тавих биш юм. Парламент өөрийгөө үнэлэх алхмыг зоригтой хийж байгаа нь хүний эрх, жендерийн талаар анхаарч, ач холбогдол өгч буйн илрэл. Үнэлгээ хийгдсэнээр үр дүн гарна. Үнэлгээний хүрээнд парламентад жендэр, хүний эрхийн талаар ямар ажлууд хийгдэх дутуу байна. Юунд анхаарах ёстойг ярилцаж гаргаж ирсэн учраас хүний эрх, жендэрийн асуудлаар дэвшил гаргах боломж бүрдэж байгаа юм. Парламент тухайн улсын хүний эрхийг хангах үндэсний механизмд чухал үүрэгтэй оролцогч. Нэн тэргүүнд УИХ хүний эрхийн үндсэн зарчимд нийцсэн хууль тогтоомж батлах учиртай. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд парламент хүний эрхийн чиглэлээр юунд анхаарахаа тодорхойлж, хүний эрхийг хангасан хууль тогтоомж баталж, хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа юм.
-Парламентын хууль тогтоомжид хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ байнга хийгдэх үү?
-Хүний эрхийн өөрийн үнэлгээний асуултууд дотор “Парламент хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төсөлд хүний эрхийн дүн шинжилгээ, үнэлгээ хийдэг үү“ гэсэн асуудал яригдсан. Орчин үеийн парламентууд хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслүүддээ хүний эрхийн үндсэн зарчмууд хэр туссан, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчим, үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй байх зарчим байгаа эсэхийг хянаж нягталж байх ёстой. НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас энэ асуудлыг зөвлөдөг. Саяхан үнэлгээний өмнө 2023 онд УИХ-ын Тамгын газраас Хүний эрхийн асуудлаар хууль тогтоомжийн төслүүдэд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал баталсан. Энэ бол том дэвшил. Манай Тамгын газарт УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эрх барьж ажилладаг зөвлөхүүдтэй. Зөвлөхүүд маань өөрийн эх барьж байгаа хуулийн төслүүдэд хүний эрхийн асуудал зарчмын хүрээнд шаардлага хангаж байна уу гэдэг үнэлгээний аргачлалаа ашиглаад хянах боломж бүрдсэн.
-Үнэлгээний хүрээнд хэр олон хүнээс судалгаа авсан бэ?
-Бусад улс орнуудад хийгдэж байгаа үнэлгээ парламентын өөрийн үнэлгээ гэдэг утгаараа парламентын гишүүд, тамгын газрын буюу ажлын албаны ажилтнуудыг түлхүү оролцуулах ёстой гэдэг шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг хангаж ажиллахыг хичээсэн. Ерөнхийдөө нийт оролцогчдын 80 хувь нь парламентын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд байсан. ОУПХ, Хүний эрхийн Дээд Комиссарын газартай хамтран боловсруулсан аргачлалд заасан багц асуултуудаас сонгон авч, харилцан ярилцах хэлбэрээр үнэлгээ хийсэн. Үнэлгээний хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан ярилцсаны үр дүнд тамгын газрын ажилтнууд бүгд байр сууриа илэрхийлж, тухайн асуудлыг хариуцдаг ажилтнууд оролцсоноороо давуу талтай.
-Хэсэг хугацааны дараа энэ үнэлгээг давтан хийх үү?
-Энэ үнэлгээг нэг удаа хийгээд орхих бус дахин хийх боломжтой гэдгийг үнэлгээний аргачлалд дурдсан. Шаардлагатай гэж үзвэл өмнө явуулсан асуултын хүрээнд дахин хийх, өөр нэмэлт асуултууд гаргаж ирж үнэлэх боломжтой гэв.
Төрийн ордонд энэ олон яриа хөөрөө өрнөсөн өдөр хамгийн их талархал сонссон хүн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри байлаа.
Монголын ардчиллыг бэхжүүлэхэд тусалсанд баярлалаа, Швейцарын ард түмэн, бас хатагтай Бурри.