Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуурын чуулга”-ыг найрал хөгжим болгон өргөжүүлэхээр болжээ. Үүнд холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах зарлигийг /2024.02.01/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан юм.
Одоогоос 34 жилийн өмнө 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дарга Н.Жанцанноровын санаачилсан “Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд морин хуурын наадмыг зохион байгуулж, 108 морин хуурч хуурдав. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орноос морин хуурч Чи Булаг хүрэлцэн ирсэн. Чи Булагийн багш Б.Сандүүрэн. Түүний багш Г.Жамъян. Тэр үед Өвөр Монголд “Тахь” нэртэй Морин хуурын чуулга байдгийг мэдээд Монгол Улс Морин хуурын чуулгатай болохгүй бол болохгүй юм байна гэж хатуу бодсон” тухай Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун агсны дурсамж яриа бий.
Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монголын тал нутаг, цэнхэр тэнгэрийг сэтгэлд нь буутал дүрсэлж чадсан уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан.
Чуулгын уран бүтээлчид дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй удаа тоглолт хийж, эх орондоо 3000 гаруй тоглолтоо толилуулаад байна. “Морин хуур чуулга” одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна” гэдгийг өмнө нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлж байв.
Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт /2022.10.02/ Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад хэргийн яамнаас тус чуулгыг “Монгол Улсын Соёлын элч” хэмээн өргөмжилж, батламж гардуулсан байдаг. Чуулгын уран бүтээлчид дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, Хятадын “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд хуурын аялгууг эгшиглүүлсэн юм.
Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгынхан 2023 онд Австралийн Сидней хотын Дуурийн театр болон Францын Версалийн ордны Хааны дуурийн театрт “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, үзэгчдийг бишрүүлж чадсан.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман, Австрали зэрэг улсад тоглолтоо толилуулжээ. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тивд л тоглолтоо хийгээгүй үлдлээ гэдгийг чуулгын удирдаач Д.Түвшинсайхан онцолж байв.
Морин хуурын чуулга, түүний бүрэлдэхүүний хамтлаг, уран бүтээлчдийн ардын дууны “Торгоны хээ”, киноны хөгжмийн “ Хайраар хөгжимдөхүй”, шилдэг бүтээлийн “ Best”, Японы шилдэг дуунаас бүтсэн “Defune” зэрэг 30 гаруй төрлийн цомог гаргасан байна.