УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд малчдын зээлийг тэглэх хуулийн төсөл санаачлахаа мэдэгдсэн бол Шадар сайд арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж, малчдын зээл төлөлтийг хойшлуулах асуудлыг шийдвэрлээд буй. Тиймээс эдийн засагч Н.Энхбаяраас эл асуудлуудыг тодрууллаа.
-Монгол орны 80 гаруй хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Тиймээс АН-аас цаг хүндэрсэн энэ үед малчдын зээлийг нэг удаа тэглэх санаачилга гаргалаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад 2010 онд тохиолдсон зудын дараа олон улсын байгууллагуудаас энэ чиглэлээр олон төрлийн судалгаа хийсэн. Малчид, хөдөө орон нутгийн иргэд өвлийг өнөтэй давахын тулд ямар бэлтгэл хангах, орон нутгийн захиргаа, төр засгийн түвшинд ямар арга хэмжээ авах талаар ойлгомжтой бөгөөд нарийн тусгаж, судалж гаргаж ирсэн.
Тухайлбал, Колорадогийн их сургуулийн болон манай хөдөө аж ахуйн салбарын зарим эрдэмтэн, судлаачдын хамтран бичиж, Дэлхийн банкнаас 2012 онд хэвлэн гаргасан “Зуднаас авах сургамж” нэртэй тайлан юм. Ямар нэгэн гамшигт үзэгдэл буюу үер ус, цас зуд Монгол оронд тохиолдох нь ойлгомжтой. Учир нь, Монгол Улс цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай гэдгийг гадаад болон дотоодынхон бүгд мэднэ.
Дээрээс нь бэлчээрийн мал аж ахуйтай. Хэрэв Монгол Улс бүхий л түвшиндээ 2010, 2012 онд олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг хүлээж авч, хэрэгжүүлж ажилласан бол хохирол багатай даван туулах боломж байсан. Хоёрдугаарт, цочмог, гал унтраасан арга хэмжээ авах шаардлагагүй байсан. Одоо бол ямар ч бэлтгэлтгүй учраас 2010 онд хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ хэрэгжүүлж байна. “Малчиддаа яаж туслах уу, яах уу” гээд тал тал тийш самгардаж, элдэв хандивын аян өрнүүлж байна. Тухайн үед малгүй болсон иргэдийг малжуулна гэж байсан ирэх зун бас л ийм арга хэмжээ авах байх. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ. Алт хийсэн ч сэгсэрдэг” гэдэг.
Бид өмнө нь гаргасан алдаанаасаа юу ч сургамж авахгүй байна. Алдаж болно. Харин ухаантай хүн алдааг давтдаггүй. Өмнө нь гаргасан алдаанаасаа сургамж аваад дараагийн удаа засч сайжруулаад явах байтал бид алдаан дээрээ бүдрээд л явж байна.
-Тухайн үед хаана алдав, хэрхэн яаж засах боломжтой вэ гэдгийг төр засгийн түвшинд олж харж, засч залруулах, бодлого гаргаж ажиллах ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн бодлого, тогтолцоо алдаатай байна гэж үзэж байна уу?
-Тийм ээ, үүний төлөө төр засаг бодлого боловсруулдаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар ямар бодлогын баримт бичиг байх талаар 2020 онд тодорхой болгоод хугацаатай нь заагаад өгчихсөн.
Харамсалтай нь, тэр дунд нэг чухал бичиг баримт орхигдчихсон байгаа нь Монгол Улс дунд хугацааны хөгжлийн бодлогоо одоог хүртэл УИХ-аараа батлуулаагүй дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Энэ дунд хугацааны бодлогыг батлан гаргах нь бүх салбарт нэн чухал. Тухайлбал, ойрын 10 жилийн хугацаанд ХАА, МАА-н салбарыг хэрхэн, яаж хөгжүүлж аль хэсгийг нь эрчимжүүлж, аль нь аялал жуулчлал татаж, тэжээл ургамлаа яах вэ гэх мэт нарийн тооцоо судалгаатай дүр зураглалаа гаргах учиртай. Гэтэл энэхүү бодлогын бичиг баримт байхгүй учраас өнөөдөр бүгд дур зоргоороо аашилж байна. Хүсвэл мал нь бэлчдэг, нүүдэг, оторт явдаг. Аймаг, сум бүр өөр өөрийн толгойтой. Эрчимжүүлсэн МАА-н талаар яривал нүүдэлчин соёл устлаа, өв соёлоо үгүйсгэлээ гэж байгаа нь хөгжил биш хоцрогдол. Үүнийгээ ч ойлгохгүй байна. Нүүдлийн соёл иргэншил огт өөр асуудал. Бүх малчдыг суурин МАА-руу шилж гэж хэн ч яриагүй. Юу нь хөгжил, юу нь хоцрогдол вэ гэдгээ ялгаж, салгах цаг болсон.
ХАА, МАА гэдэг бол эдийн засаг, бизнес. Энэ салбарт бизнес эрхлэгчид Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, эрсдэлийг даван туулах чадвартай МАА-г бий болгох ёстой гэдгийг судлаачид хэлдэг. Тэр ч бүү хэл байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон гэж байгаа шүү. Ийм чиглэл рүү анхаарч ажиллахгүй байсаар дахиад л 2010 онд гаргаж байсан алдаагаа бүгдийг нь давтаж байна.
Алдаанаасаа сургамж авдаггүй учраас энэ үед тохиолдсон хүндрэл бэрхшээлийг өндөр өртгөөр даван туулах буюу “хандив цугуулъя, төсвөөс зээлийг нь төлье, малжуулъя, хүүхдийг нь үнэгүй сургая, татвараас чөлөөлье” гэх мэт арга хэмжээ авдаг. Монголд бүх шатанд, бүх салбарт гаргадаг хамгийн том алдаа энэ. Төрийн бодлогын түвшинд энэ алдаагаа ойлгохгүй байна.
Үүнийг ойлгодог төрийн түшээд цөөн байна. Төрийн захиргааны байгууллагууд ч ажлаа хийхгүй байна. ХААХҮЯ, БОАЖЯ ажлаа хийхгүй байна. Өмнө нь тохиолдсон зуднаас авах сургамжийн талаар судалгаа нь энэ хоёр яам дээр оччихсон байгаа. Түүний мөрөөр энэ хоёр яамны холбогдох хүмүүс ажлаа хийж урт хугацааны, төрийн тогтвортой бодлого гаргаж, боловсруулах ёстой. Энэ бол иргэний, эсвэл сум орон нутгийн ажил биш. Урт хугацааны төрийн бодлого байх ёстой.
Монгол Улс 2050 онд Азийн бар улс болох зорилт тавьсан. Бар болохын тулд зуданд мал нь хоргоддоггүй баймаар байна. Малчид нь ядуу биш дундаж орлоготой болсон цагт сайн хөгжилтэй орон болно. Тэр бодлого нь хөдөө аж ахуйн дунд хугацааны бодлогод тусгагдаад хэрэгжих ёстой. Нэгдүгээрт, бодлого алга, хоёрдугаарт, бодлого байлаа ч Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй. Тогтвортой бодлогогүй хэн нэгэн дарга сайдаас хамаарсан орон гаран бодлогын үр дүн. Малчдад таалагдахын тулд өр зээлийг нь хөнгөлөх юм байна гэсэн байдлаар хандвал хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй. Аль нам нь хамаагүй.
Монгол Улсын шийдвэр гаргаж байгаа тогтолцоо буруу байна. Энэ алдаагаа бүх шатанд засахгүй бол дараа дараагийн гамшиг, эрсдлүүд ойрхон байна. Удахгүй шар усны үер ч бууна.
-Мал төрийн хамгаалтанд байх талаарх ойлголт маргаан дагуулдаг. Мал маллах, малчин байх нь шууд утгаараа бизнесийн нэг хэлбэр гэж та хэлсэн. Тэгвэл яагаад малчид бусад бизнес эрхлэгчдээс давуу эрх эдлэх ёстой юм бэ?
-Үг үсгээ буруу бичээд, буруу ойлгоод байгаа хэрэг. “Мал төрийн хамгаалалтад байна гэхээр гадаа нь цагдаа очиж зогсох талаар яриагүй. Хамгаална гэдэг нь байгаль цаг уурын орчин нөхцөлд дасан зохицох, эрүүл байлгах, ХАА-н бүтээгдэхүүн нь үнэ цэнтэй борлогддог байх тухай ойлголт. Тэгэхээр хамгаална гэдэг үгээ буруу сонгоод, буруу хэрэглээд байна гэсэн үг. Хоёрдугаарт, малчин хүн бүр “би өөөрийнхөө өмчийг хамгаалах ёстой, хариуцах ёстой” гэдгээ бүрэн ойлгоогүй байна. Тиймээс 100 хувь малчдын буруу гэх боломж алга.
Төр засгаас бусад улс оронд ган зуд, гамшиг, үер тохиолдоход мал нь хэрхэн яаж хоргодохгүй даван туулж байгаа талаар аргаас нь сурадцах ёстой.
-Зуд гамшиг тохиолдсоны дараа нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагавар бий болдог. Та ганц нэгийг нь тодотгоод дурдвал?
-Маш олон нөлөө, эрсдэл бий болдог. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн салбарын малын тоо толгой өнгөрсөн жил 67 сая байсан. Зудын эрсдлээс үүдэн зун малын тоо толгой буурна, намар төллөх эх малын тоо цөөрнө. Тиймээс 2025 онд төллөх малын тоо цөөрнө. Өөрөөр хэлбэл, зудын дараа малын тоо толгойн хорогдол өндөр байдаг. Өнгөрсөн 2023 онд хөдөө аж ахуйн салбар бууралттай гарсан. Энэ онд ч бууралттай гарах нь тодорхой боллоо. Хоёрдугаарт, нэгэнт цөөхөн болсон малнаас таваарт нийлүүлэх малын тоо цөөрч, цөөхөн малтай малчдын орлого буурна.
Магадгүй 1000-аас дээш малтай малчдын хувьд хүлээх эрсдэл бага байх магадлалтай боловч 100-200 тоо толгой малтай иргэдийн хувьд хохирол өндөр байна. Мөн энэ хэрээр ядуурал, ажилгүйдэл, хот суурин газрын төвлөрөл нэмэгдэнэ гэх мэт олон эрсдэл бий болно. Малчид бэлчээрийн даац, хүний нөөцөндөө суурилж өөртөө тохирсон тооны малтай байж, түүнийгээ эрчимжүүлэх нь маш чухал.
Арав гаруй жилийн өмнө хийсэн зудын судалгаанаас харахад 200-300 малыг 2-3 хүн буюу айлын нөхөр, хөгшин аав, ээжтэйгээ л хариулж байх жишээний. Эхнэр нь хүүхдээ дагаад сумын төв орчихсон. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт одоо ч ажиллах хүчний дутагдал өндөр хэвээр байна. Ялангуяа өвөл, хавар. Дор хаяж ажиллах хүчний дутагдалтай үед гэрээт ажилтнаар хэрхэн хангах тал дээр тодорхой зохицуулалтууд шаардлагатай. Гэрээгээр малчин ажиллуулах гэх мэт зохион байгуулалтын ажил хийх ёстой.
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулахад банкны салбарт ямар нэг эрсдэл бий болох уу?
-Зээл хойшлуулж байгаа тохиолдолд банк ямар нэгэн байдлаар алдагдал хүлээж байгаа нь ойлгомжтой. Гагцхүү тэр алдагдлыг банк хэрхэн хүлээж авах нь чухал.
Банк ашгаа бууруулаад дангаараа хүлээгээд авна гэж байхгүй л байх. Алдагдал хүлээснийхээ төлөө төрөөс эргээд ямар нэгэн юм хүснэ. Магадгүй түүнийг төрөөс татвар, нөхөн олговор олгох уу гэх мэт асуудал яригдсаар төсвөөс л алдагдал нь нөхөгдөнө. Эцсийн дүндээ банк алдагдлыг дангаараа 100 хувь хүлээхгүй.