УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдөр /2024.01.23/ танилцууллаа.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нь 15 удаа хуралдаж, 23 хуулийн төсөл, 22 УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-ын чуулганаар батлуулсан байна. Нэр дэвшигчийн талаарх гурван ч удаагийн сонсгол зохион байгуулсан.
УИХ-аар батлуулсан томоохон хуулийн төслүүдээс нэрлэвэл, Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулжээ.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлуулсны зэрэгцээ Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг шинэ хуулиудад нийцүүлж батлуулсан.
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, ээлжит сонгуулийн тов зарлах, сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал, техник хэрэгслийг нь шинэчлэх зэрэг асуудлыг улс төрийн намууд болон Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцөн, шийдвэрлүүлэхэд нэлээд цаг хүч зарсан гэдгийг тус байнгын хорооны дарга онцоллоо.
2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл, Төрийн ордны тухай хуулийн төсөл, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай баримт бичгүүдийг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан. Иймээс дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороо хангах юм байна.
Мөн Төрийн албаны тухай хуульд зарим өөрчлөлт орсон, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах асуудал хүлээгдэж байгаа аж.
Энэхүү бодлогын баримт бичгийг тус байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх бол Хүний эрхийг хангах багц хуулийн төслүүдийг мөн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээжээ.
Дээрх мэдээллийн дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Сонгуулийн жил эхэлчихлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвших бол горилогч юуг хийж болох, юуг хийж болохгүй байхаар хориглосон бэ. Тухайлбал, нэр дэвшигч хувьцаа, ногдол ашгийн талаар амлалт өгч болох уу, болохгүй юу?
Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийн талаар маш тодорхой зохицуулсан. Тухайлбал, нэр дэвшигч сонгогчийн саналыг татах зорилгоор эд зүйл болон мөнгө тараахыг хориглоно гэж заасан. УИХ -ын гишүүдийн хувьд хэд хэдэн зүйл хуулиар зөвшөөрсөн. Тухайлбал, УИХ -ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж байгаа учраас хийсэн ажлынхаа тайланг тарааж, тэрнийгээ танилцуулах уулзалт зохион байгуулж болно. Сонгуульд оролцохын тулд улс төрийн нам бэлтгэл хангах боломжтой. Энэ хүрээнд гишүүдийнхээ хүрээнд хийж байгаа уулзалтыг хориглохгүй.
Сонгуулийн жил эхэлсэн гэдгээр төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Зорилгыг нь маш тодорхой тодорхойлсон. Сонгогчдын саналыг татах зорилгоор уралдаан, наадам, тэмцээн, баяр наадам зохион байгуулах, ивээн тэтгэх, амлалт авахыг хориглосон.
-Сонгуульд нэр дэвшигчид нэг л сурталчилгааны самбар ашиглахаар хуульчилсан. Тэгвэл сонин сэтгүүл дээр ямар хязгаар тавьж байгаа вэ?
-Сонгуулийн зардал бууруулах, цэгцтэй мэдээллийг сонгогчдод өгөх зорилгоор нэг л плакат байрлуулна. Жагсаалтаар нэр дэвшигч 3 хэвлэлийн хуудас хүртэлх хэвлэмэл материалыг намын сонгууль эрхэлсэн байгууллага нь жагсаалтаар нэр дэвшсэн 48 хүнээ нийлүүлээд гаргаж болно. Тойрогт нэр дэвшигч нь 2 хэвлэлийн хуудас сэтгүүл болон сонинг тус, тусдаа гаргах боломжтой.
-УИХ 126 гишүүнтэй болсноор өрөө тасалгаа дутагдахаар байгаа. Энийг зохицуулах уу?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэнтэй уялдаад Төрийн ордонд цаашдаа ямар байгуулагууд байж үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдгийг шийдэх ёстой. Одоогоор төсөл нь яригдаж байна. Тийм учраас энэ ордонд тийм байгууллага байна гэсэн зүйлийг өнөөдөр тодорхой хэлэхэд түвэгтэй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, Ерөнхийлөгч нэг байр саванд байх нь зохимжгүй, тохиромжгүй тухай асуудал олон жил яригдаж ирсэн. Энэ бүхэн Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуультай холбогдоно.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор Төрийн ордонд байрладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын аппарат өөр байр луу шилжээд эхэлсэн.
УИХ саяхан Төрийн байгууллагуудыг бүсчлэн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолд зааснаар эхлээд судалгаа хийнэ. Бүсчилсэн хөгжийн үзэл баримтлалтайгаа холбогдоод гүйцэтгэх байгууллагын аль нь хаашаа шилжиж болох нь вэ гэдгийг эхлээд тодорхойлно. Төрийн байгууллага Төв аймаг руу шилжлээ гэж бодоход нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх шаардлага гарч ирнэ. Тийм учраас эрх ашгийг нь дордуулахгүй байхаар эрх зүйн зохицуулалтыг нь эхлээд батлуулчих, тэрний хүрээнд төсвийг нь батлах зэргээр зохицуулалтыг нь тусгаад явъя гэсэн.
Сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос цаглабар гаргасан.
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс зогсооно. Түүнээс өмнө шилжилт хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай гэсэн үг.
Улс төрийн намууд сонгуульд орох тухай байр сууриа дөрөвдүгээр сарын 26-28-ний хооронд албан ёсоор илэрхийлэх ёстой. Нэр дэвших асуудлыг тавдугаар сарын 14-20-ны дотор дуусгах ёстой.
Зургадугаар сарын 10-н гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвших нам, эвсэл бие даагчдын шалгалт шүүлэг нь шийдэгдээд үнэмлэхийг нь гардуулна. Ингэснээр сурталчилгаа албан ёсоор эхлэх хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооноос гарсан.