Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак төрийн өмчийн “1MDB” сангаар мөнгө угааж, авлига авсан хэрэгт яллагдаж, 12 жил шоронд хорих ялаар шийтгүүлсэн. Тэгвэл “Utusan” сонинд Нажиб Разакийн ялыг хөнгөлөх, тэр ч бүү хэл өршөөлөөр суллах магадлалтай гэж мэдээлснээр Малайзын олон нийтийг бухимдуулжээ. Малайзын засгийн газраас уг асуудалд хариулт өгөхөөс цааргалж байгаа нь ард иргэдийг улам уурлуулж байна.
Өршөөлийг хэлэлцэх зөвлөлийн гишүүн Холбооны нутаг дэвсгэрийн сайд Залиха Мустафа уг асуудалд тодорхой хариулт өгөхөөр татгалзсан бөгөөд албаныхны хариултыг хүлээж байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Нажибын шоронд хорих ялтай холбоотой асуудалд Дотоод хэргийн сайд Сайфуддин Насуцион Исмаил хэлэхдээ, “Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар энэ талаар албан бусаар “хэлэлцсэн” боловч тайлбар хийх хүн нь биш” гэж мэдэгждээ. Харилцаа холбооны сайд болон Засгийн газрын төлөөлөгч мөн уг асуудалд яаран дүгнэлт хийлгүй, албан ёсны шийдвэрийг хүлээхийг уриалсан байна.
Өдгөө 70 настай Нажиб Разак суллагдаж магадгүй тухай яриа өршөөлийг хэлэлцэх зөвлөл Даваа гаригт Малайзын хаан Султан Абдуллаг суудлаасаа буухын өмнөх өдөр уулзсантай холбоотойгоор гарчээ.
Хэрэв хаан өршөөл үзүүлэхээр шийдвэрлэсэн бол Нажиб Разак ердөө жил гарангийн хугацаанд шоронд хоригдсоны эцэст суллагдах бололтой. Малайзын хуулийн дагуу эзэн хаан нь өөрийн томилсон зөвлөлөөр дамжуулан хоригдолд өршөөл үзүүлэх эрх мэдэлтэй. Тухайлбал, Ерөнхий сайд Анвар Ибрахим нь 2018 онд өмнөх хааны өршөөлөөр суллагдаж, улс төрд эргэн иржээ. Тэрбээр бэлгийн зүй бус үйлдлийн хэргээр 2014 онд шоронд хорих ял сонссон байв.
Үүний зэрэгцээ Сингапурын “CNA” агентлагт мэдээлснээр Нажиб Разакийн ялыг зургаан жил болгож бууруулсан гэж Малайзын засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Хуульч Лим Вэй Жиет хэлэхдээ, “Нажиб Разакт өршөөл үзүүлэх нь тус улсын эрүүгийн шүүхийн тогтолцоо болон Малайзын хууль дээдлэх ёсыг дээдэлдэг үндэстний байр суурийг эргэлт буцалтгүй гутаана” гэж мэдэгдэв.
Нажиб 2020 онд “1MDB”-ийн хуучин нэгж байсан “SRC International”-аар дамжуулан 42 сая рингитийн (8.9 сая ам.доллар) авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг долоон хэрэгт буруутгагдсан. Тэрээр 2022 онд шоронд хоригджээ. Нажибыг Ерөнхий сайд болсноос хойш хэдхэн сарын дараа 2009 онд байгуулагдсан төрийн сан болох “1MDB”-тэй холбоотой олон тэрбум ам.долларын дуулианыг АНУ-ын Хууль зүйн яам урьд өмнө нь шийдэж байсан клептократын хамгийн том хэрэг гэж тодорхойлсон. Цагдаа болон авлигатай тэмцэх газрын ажилтнууд Нажиб Разак болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой байранд шуурхай нэгжлэг хийж, олон зуун сая ам.долларын үнэтэй тансаг гар цүнх, олон мянган үнэт эдлэл, цаг, 26 өөр валютаар бэлэн мөнгө хураан авсан байдаг.
Түүний эхнэр Росма Мансор нь “1MDB”-тэй холбоогүй авлигын хэрэгт буруутгагдсан бөгөөд өөрийгөө Жо Лоу болон бусад хүмүүсийн зохион байгуулсан схемийн золиос болсон гээд буруутай үйлдлээ няцаажээ. Тэрбээр “1MDB”-тэй холбоотой өөр гурван хүний хамт шүүхээр хэрэг нь хэлэлцэж буй.
АНУ-ын Хууль зүйн яам болон Малайзын мөрдөн байцаагч нарын үзэж байгаагаар наад зах нь 4.5 тэрбум ам.долларыг сангаас гадагш гаргасан гэж үзэж байна.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST