Энэ онд хийх хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжих дүнгээр нь жагсаавал, эн тэргүүнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт орж байгаа юм. Тодруулбал, нийтдээ 1.1 их наяд төгрөгийг эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахад төсөвлөсөн. Үүний 255 тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргахыг Сангийн яамнаас мэдээлж байв. Мөн энэ онд 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах, Дорнод аймагт 50МВт-ын цахилгаан станц байгуулах ажил үргэлжилж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эхлэх юм. Тиймээс энэ удаа эрчим хүчний салбарт шинээр өрнөх болон цаасан дээр үлдсэн бүтээн байгуулалтуудыг онцолж байна.
БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ 2024 ОНЫ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Цахилгаан станцын барилга угсралтын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй 300МВт-ын хүчин чадал бүхий уг цахилгаан станцын хөрөнгө оруулагч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд 2024 оны аравдугаар сард барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна гэж танилцуулж байсан юм.
Цахилгаан станцын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Sinosteel Equipment and Engineering” компани ажиллаж байгаа.
Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх бололцоотойг мэргэжилтнүүд онцолж байв.
Өнгөрсөн 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар БНХАУ-ын Далиан хотод болсон Дэлхийн эдийн засгийн зуны чуулга уулзалтад оролцох үеэрээ “Бодь Интернэшнл” ХХК болон БНХАУ-ын “Пауэрчайна Ресурсэс” ХХК-тай Бөөрөлжүүт цахилгаан станцын төсөлд хамтран хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурж байжээ.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэхдээ “Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом нэмэгдсэнээр ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол гарсан. Үүнтэй холбоотойгоор оргил ачааллын үед Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эрчим хүчний хязгаарлалтуудыг хийсэн. Айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, метро байгуулах зэрэг агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах томоохон төсөл хөтөрбөрүүд энэ оноос хэрэгжинэ. Улаанбаатар хот, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хооронд байгуулсан Санамж бичиг бий. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах талаар төслийн удирдлагуудтай санал солилцож, цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Төслийн эхний хоёр шат хэрэгжсэнээр одоогийн ТЭЦ-3 станцын үйлдвэрлэдгээс нэг дахин илүү хүчин чадлыг буюу 300 мВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ” гэдгийг онцолсон удаатай.
Төслийн сүүлийн хоёр шат 2026, 2027 онд хэрэгжих бөгөөд үйл явц төлөвлөгөөний дагуу товлосон хугацаандаа хэрэгжиж буйг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байлаа.
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖИЛ 2024 ОНЫ ЗУН ЭХЭЛНЭ
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил 2022 онд л эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байсан билээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон.
Өөрөөр хэлбэл, 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Усан цахилгаан станцын үндсэн барилга баригдах Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутаг дэвсгэрт орших 111,2 га газарт одоогоор ямар нэгэн айл өрх, аж ахуйн нэгж байхгүй боловч усан сан бүрэлдэх талбайд 2026 оноос нөлөөлөлд өртөх 270 өрхийн 1251 иргэний газар чөлөөлөх асуудал яригдаж буй. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр өрхийг 2022-2023 онд шинээр суурьшуулахаар төлөвлөсөн газар нутагт нүүлгэн шилжүүлэх боломжтой аж.
Усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулсан байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулаад буй. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 818.0 тэрбум төгрөг бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлж, 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
ТАВАНТОЛГОЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ ЦААСАН ДЭЭР ҮЛДЭВ
Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан бөгөөд уг компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг найман хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийсэн байна.
Харин дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл гэдгийг албаныхан тодотгож байв. Гэвч өнөөдрийг хүртэл энэ бүтээн байгуулалт цаасан дээр л үлдлээ.
Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөж байв. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэнэ гэж танилцуулж байв.
Уг станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, мөн Оюутолгой ХХК-н уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой. Тус станцаас ялгарах хийн хэмжээ нь Монгол Улсын MNS6298:2011 стандартыг хангасан, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, усны хэрэглээ нь хамгийн бага байхаар төлөвлөгдсөн, агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий бүрэн автоматчилагдсан байх юм.
Барилга угсралтын явцад давхардсан тооогоор 2000 ажилчид, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.
Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлнэ
Дорнод бүс нутагт цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, цаашид өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах боломжгүй болсон тул станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын ТБЕА компани 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажлыг эхэлж, одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
БАГАНУУРЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ БҮТЭЛГҮЙТЭВ
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн том чадлын цахилгаан станц барих судалгааны ажил 1989 оноос хийж эхэлсэн. Төвийн бүс, дорнод бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах эх үүсвэрийг бий болгох зорилгоор уг уурхайг түшиглэн 400 МВт-ын цахилгаан станц барихаар шийдвэрлэж, гэрээ хэлэлцээр байгуулан үйл ажиллагааг эхлүүлж байв.
Төслийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласны дүнд станцын үндсэн блокийг 200 МВт-ын хоёр турбингөнөратортай байхаар тогтсон агаад төхникийн үндсэн тоноглол өөрчлөгдсөнтэй холбогдуулан төхник, эдийн засгийн үндэслэлд тодруулга хийж, улмаар холбогдох гэрээ, баримт бичигт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлж байсан юм.