Улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлсэн.
Энэ үеэр тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор олон туршилт хийлээ. Гэвч зарим асуудлыг бүрэн шийдэж чадаагүй. Одоогийн байдлаар нийтийн тээвэрт 350 гаруй жолоочийн орон тоо сул, энэ чиглэлээр ажиллах хүнгүй байна.
Түүнчлэн нэгдүгээр эгнээг чөлөөлж автобуснуудыг чөлөөтэй явуулахад саад учруулдаг гол шалтгаан бол зам дагуу байрласан зах, худалдааны төвүүд. Худалдааны төвүүд рүү баруун эргэж орох гэсэн үйлдлээс болж замын хөдөлгөөн тодорхой хэмжээнд саатдаг.
Үүнээс болоод нийтийн тээврүүд нэг талдаа овоорох асуудал үүсэж байна. Мөн Алтай хотхон 12 мянган өрхтэй боловч ойр орчимд нь сургууль, цэцэрлэг байхгүй. Оршин суугчид нь өглөө хүүхдүүдээ автомашинаар хүргэж өгөх шаардлага гардгаас болж тэр хавийн замын ачаалал ихэсдэг.
Энэ мэт олон асуудлыг урт хугацаандаа шийдвэрлэхээр ажиллаж байна” гэж ярив.