“БГД-ийн 11 дүгээр хороо эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн төрөхийн өмнөх ажиглалтын 6 давхарт байрлах өрөөний цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэйг унах гэж байхыг харсан Чингэлтэй Дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван гэмтлийн эмнэлэгт түргэн шуурхай хүргэж эх хүүхдийн амь насыг аварчээ” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
Бид уг үйл явдлыг нягтлан мэдээлж байна. Ингэхдээ ЧД-ийн цагдаагийн II хэлтсийн хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Н.Наянбаатараас тодруулахад “Энэ үйл явдал 2020 оны намар болсон юм. Тэр өдөр хадам эгч маань төрөх гээд ЭХЭМҮТ-д очсон. Баз хүргэнтэйгээ гадаа байж байтал тухайн эмэгтэй унах гэж байсан. Очоод тусламж үзүүлэх боломж нөхцөл байгаагүй учраас машинд байсан дээлээ гаргаж, дэлгэж тоссон. Эмэгтэй бидний бэлдсэн дээлэн дээр унаж, улмаар ГССҮТ рүү яаралтай тусламж аваад явсан. Тэрнээс хойш надад тэр иргэн хэрхсэн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй” гэлээ.