Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2024.01.25/ алба хаагчдын хувцас хэрэгсэл, стандартын талаар мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын байгууллагын хувцас хангалтыг техник, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, өдөр тутмын хувцас хэрэгсэл гэж гурав ангилж үздэг. Сүүлийн жилүүдэд техникийн хангалт харьцангуй өндөр чанартай Польш, Беларусь, Франц улсын техникүүдээр тоноглогдож байгаа. Мөн улсын төсвөөр “Тоёота” маркийн автомашинуудаар парк шинэчлэлийг хийсэн. Хүн нэг бүрийн тусгай зориулалтын багаж хэрэгслийн хувьд улсаас олгосон төсвийнхөө хэмжээнд худалдан авалтаа хийдэг.
Алба хаагчдын өдөр тутмын хувцсыг бас төсөвт тусгасан хэмжээгээр нь худалдан авч өгдөг. Чанар стандартын дагуу худалдан авалтыг хийж, мөрддөг тусгай стандарттай.
Галын хувцас хэдэн градусын халуунд тэсвэртэй гэх мэт шаардлагатай. Бид нэг зүйлтэй тулгардаг. Хувцас хэрэгсэл өндөр үнэтэй, чанартай байх хэрээр тоо хэмжээ нь буурдаг. Тийм учраас бид улсынхаа цаг агаарт тохирсон боломжийн үнэтэй хувцас хэрэгсэл авахыг зорьдог гэдгийг албаныхан мэдээллээ.
ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр:
-Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Цэргийн албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан. Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан өчигдөр мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн. Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан гэсэн юм.
Объектын гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд зориулсан тусгай хувцасны стандарт гэж бий. Ахуйн гал түймэр, ой хээрийн гал түймэрт өмсч ажиллах тусгай зориулалтын хувцас хэрэгсэл болон хамгаалах тусгай хувцасны стандарт гээд гурван өөр төрөл бий.
Үүнийг хэрэглэх журам нь батлагдаж, хувцсаа иж бүрэн өмсч, хэрэгсэл тушаалтай. БНХАУ болон ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын хувцас хэрэгсэл өмсдөг. Мөн Польш, Беларусь, Франц улсын техниктэй дагалдаж ирсэн тусгай зориулалтын хувцас хэрэгсэл гэж бий. Гал түймрийн тусгай хувцас нь +400 градуст тэсвэртэй буюу уян хатан, хөдөлгөөнд саад болдоггүй материалтай. Тодорхой хугацаанд галд тэсвэртэй гэсэн үг. Тэрнээс биш галд огт шатдаггүй хувцас гэж байхгүй. Мөн зориулалтын баг нь дунджаар 40 минут ажиллана. Амьсгалаа хэрхэн зөв авах вэ гэдэг сургалтуудыг тогтмол хийдэг. Шуурхай албаны машины жолооч нар өвлийн хээрийн хувцастай үүрэг гүйцэтгэж, гадна орчинд ажилладаг. Яг одоо үзүүлж байгаа тусгай хувцас хэрэгсэл нийт алба хаагчдын 80 хувийг хангадаг. Ачаалал ихтэй онцгой байдлын ангиудад энэ хувцсаар бүрэн хангасан гэдгийг албаныхан онцоллоо.