-Хоёр долоо хоногийн өмнө болсон НИТХ-ын хуралдаанаар автобусаар 1000 төгрөгөөр зорчих тарифыг эцэслэсэн. Тэгвэл энэ шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа хэзээ вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зорчих тарифын тухайд баталсан. Баталсны дараа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй дотоодын хэргийн яаманд бүртгүүлдэг. Бүртгүүлж, захиргааны актын эмхтгэлд хэвлэгдсэнээр дүрэм, журам хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Иргэд гэрээсээ гараад автобусанд суухад 500 төгрөг төлдөг. Гэхдээ дамжин суултын 30 минутад амжиж суухгүй бол дахин 500 төгрөг төлж зорчдог. Ингэснээр дунджаар тооцож үзвэл нэг иргэн өдөрт 1500-2000 төгрөг төлж автобусаар зорчиж байгаа юм.
Харин шинэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой.
Зорчих тарифыг 1000 төгрөг болгосноор иргэд хувийн унаанаас илүү нийтийн тээврийг сонгоно гэж харж байгаа. Учир нь дөрвөн удаагийн зорчилт цагийн хязгааргүй. Мөн одоогийн нөхцөлд автобусны буух карт уншигчид иргэн картаа дараагүй тохиолдолд дамжин суух боломжгүй. Энэ тохиолдолд иргэд хохирч байгаа учир үнэ тарифын тухайд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих саналыг дэмжсэн.
“АВТОБУСНЫ ОРЛОГО, НИЙТ ЗОРЧСОН ХҮНИЙГ ТОГТООЖ ЧАДВАЛ ДАХИН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХГҮЙ”
Хоёрдугаарт, автобусны зорчих тарифд өөрчлөлт ороход дагаад программ хангамжийг өөрчлөх шаардлагатай. Тендер худалдан авалтаар автобусанд картаа уншуулж байгаа болон орж ирж зорчиж байгаа хүмүүсийг тоолох системийг суурилуулж байна. Тус систем бүрэн орж ирснээр автобусны орлого, нийт зорчсон хүний зөрүү гарч ирнэ. Сая чиглэл дээр алдаа гарсан нь ч үүнтэй холбоотой. Автобусны карт уншигчийн датагаар чиглэлээр зорчдог нийт хүнийг тогтоохоор цөөн байдаг. Гэхдээ автобусны тоог цөөлөхөд датагаас их хүн зорчдог нь тогтоогдож байна.
Чиглэл, маршрут дээр өөрчлөлт оруулахад зорчих хүний тоо зөрсөн нь хүмүүс бэлэн мөнгө төлдөг болон үнэгүй явдагтай шууд холбоотой.
Тиймээс бүх хүн зохих төлбөрийг төлж автобусаар зорчсоноор нийтийн тээврийн орлого өсч, зах зээлийн зарчмаар тус салбар хөгжинө. Мөн татвар төлөгчдийн өгч байгаа татаас багасна гэсэн үг.
Хүүхдийн хувьд 500 төгрөгөөр зорчих санал гаргасан ч одоогийн тарифаар буюу 200 төгрөгөөр зорчих шийдвэрийг хэвээр үлдээсэн.
“НЭГ КМ ЗАМЫГ 1,5 ТЭРБУМААР БАРЬЖ БАЙГАА Ч ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ ХОЁР ТӨГРӨГ Л АВДАГ”
-Автомашины улсын дугаартай холбоотой иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байгаа. Орон нутгаас хот руу хувийн унаагаар ирэх иргэд заавал шинэ дугаар авах эсвэл өндөр төлбөр төлнө гэдэг үнэн үү?
-Одоо ч гэсэн тээврийн хэрэгсэлтэй бүх иргэн зам ашигласны хураамж төлж байгаа. Улаанбаатарын дугаартай иргэд хураамжаа жилд нэг удаа бөөнд нь төлдөг. Жишээ нь, приус маркын автомашинтай иргэн жилд дунджаар 20 мянган төгрөг төлж байна. Зам ашигласны төлбөрийг жилээр тооцож нэг удаа төлж байгаа учир нийслэлийнхэн төлдөггүй юм шиг зарим хүн бодоод байгаа.
Гэхдээ зам ашигласны төлбөрийг дундаж гүйлттэй харьцуулж, 700 мянган машиндаа хувааж үзэхэд жилд нэг машин нэг км зам ашиглахдаа хоёр төгрөг л төлж зорчдог. Бодит нөхцөл дээр нэг км зам барихад 1,5 тэрбум төгрөгөөр барьдаг.
Маш өндөр өртөгтэй замыг бид бага төлбөрөөр хэрэглэж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн тээврийн хэрэгсэл. Хөдөөнөөс хот руу хувийн унаагаар орж ирж байгаа иргэд товчоогоор орж ирэхдээ 1000 төгрөг төлж орж ирдэг. НИТХ-аас 48 цаг дотор орон нутгийн иргэд хот руу ороод гарахад 1000 төгрөгийн хураамжийг хэвээр үлдээсэн. Харин 48-аас дээш цаг Улаанбаатарт байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлнө.
Мах, сүү борлуулах орон нутгийн иргэдэд ямар нэгэн дарамт учрахгүй. Угаасаа л шөнөдөө орж ирээд үүрээр бөөний төвүүдэд мах, сүүгээ зараад иргээд нутаг буцаж байгаа болохоор.
Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хувьд зарим аймаг өөр, өөрөөр тогтоосон байдаг. Ховд, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг дөрвөн аймаг өөрийн орон нутгийн иргэдээс зам ашигласны төлбөрийг багаар авч байхад, бусад аймаг, Улаанбаатарын иргэдээс арай өндөр авдаг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр Улаанбаатарын замд зарцуулж байгаа төсвийг хамгаалахгүй бол болохгүй. Зам ашиглахад 77 тэрбум төгрөг цугларч байгаа. Энэ мөнгөөр замын нөхөөс л хийж, бусад зардлын тухайд хаана ч хүрэлцэхгүй дуусдаг.
Энэ хэвээр үргэлжилбэл Улаанбаатарын 1350 км бүхий нэг их наяд 500 тэрбум төгрөгийн үнэлгээтэй зам 10 жилийн дараа үнэлгээ нь буурч 420 тэрбум төгрөг хүрэх эрсдэлтэй.
Тиймээс байгаа замаа арчилж, заавал эвдлэхгүйгээр их зардал гаргахгүйгээр засварлах боломжтой.
“НИЙСЛЭЛ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР ДЭЭРХ ЗОГСООЛУУДЫН ТӨЛБӨРИЙГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД ТОГТООНО”
-Тэгвэл автобусны чиглэл, маршрутын тухайд ойрын хугацаанд дахин өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юу?
-Зарим чиглэлд өөрчлөлт оруулна. Мэргэжлийн хүмүүс болон иргэд дэмжиж байгаа. Харин тодорхой аль, аль чиглэлд хэдэн автобус явах вэ? гэдэг болон урсгалын хувьд хаана эргэлт хийх нь одоогоор тодорхойгүй байна. Чиглэл дээр үүсч байгаа нэг гол асуудал нь өнөө л газрын мафи. Автобусаар эргэдэг бүх цэгүүдийг хувьд өгснөөс автобус богино эргэлтээр эргэх уулзваргүй болсон. Тиймээс Сүхбаатарын талбай дээр автобус эргэдэг уулзварууд хийгээд, Зунжингаас орж ирж Нисэхийн тойрог дээр эргэлт хийдэг байсан нийтийн тээврийн чиглэлийг төв талбайгаас эргүүлж байгаа. Нисэхийн тойрог руу орохоор Нисэх талдаа түгжрээнд орж бүх автобус тэг зогсдог байсан. Автобус нэг талдаа гарч зогсдог нь эргэлтийн уулзвартай холбоотой.
Ганцхан жишээ авахад, Зунжингаас төв рүү орж ирэх нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчдог болгохын тулд тэмдэг тэмдэглэгээ тавьж байна.
Тус хэсгийн зам өргөтгөх боломжгүй мөртлөө нэг урсгал нь хоёрхон эгнээ замтай. Нэг эгнээгээр нь автобусар явахаар бас их төвөгтэй нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс төлөвлөлтгүйн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал ихээр үүсч байна. Гэхдээ тоон үзүүлэлт датаг шинэ системээр нэгтгэж гаргаснаар энэ намартаа багтаж чиглэлийг дахин өөрчлөх боломжтой. Мөн ирэх жилүүдээс автобусаар хөнгөлөлттэй зорчдог иргэдийг бусад иргэдтэй адил төлбөр төлж зорчдог болгоно. Ингэснээр автобус компаниудад өгдөг татаас багасна.
-Түгжрэлийг бууруулах төлөвлөлтийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байна вэ. Авто зогсоолын төлбөрийг нэмэх, А, В бүсээр ангилах зэрэг зохицуулалт яригдах уу?
-Тийм. Авто зогсоолуудын тухайд тухайн байгууллагын ажилчид л өглөө машинаа тавиад орой авдаг жишигтэй байгаа. Бүтэн өдөр машинаа тавиад 5000 төгрөг л төлдөг. Бусад улс орнуудад хотын төвийн авто зогсоолуудын эргэлтийг сайжруулах, бүгд хэрэглэдэг болохын тулд 30 минут болон 1-2 цагаар л хязгаарладаг.
Хувийн хэвшлийн зогсоолын төлбөр хураамжийг нийслэлээс мэдэх боломжгүй. Харин нийслэл орон нутгийг өмчийн газар дээрх зогсоолуудын төлбөрийг зохистой хэмжээнд тогтоох дээр анхаарна.
Хашлага хаалтыг засахаас эхлээд зогсоолуудад цахилгааныг машиныг цэнэглэх, цахилгаан дугуй, скүүтер цэнэглэх цэнэглэгчүүдийг суурилуулна. Зөв төлөвлөлт хийж, авто зогсоолуудыг нэгдсэн программд холбоно. Өөрөөр хэлбэл иргэн очих цэгийнхээ аль, аль байршилд авто зогсоол байгааг аппликейшээс харах боломжтой болно. Учир нь зогсоол хайж эргэлдэх нь замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлдөг. Тиймээс цаашид зөв зохицуулалтуудыг шат дараатай хийнэ.