Украин дахь дайн эхэлсний дараа АНУ, Европын холбоо болон дэлхийн бусад улс орон Оросын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авсан. Багц хориг арга хэмжээний цуваа тасралтгүй үргэлжилсээр л байна. Тухайлбал, Европын холбоо оны өмнө Оросын эсрэг 12 дахь багц хоригийг зарлаж, эрчим хүчний салбар, банк, очир эрдэнийн үйлдвэрүүдийг онилсон.
Тиймээс ОХУ нь Турк болон Төв Азийн орнуудыг хориг арга хэмжээг тойрох гарц болгон ашиглаж байна.
Оросын эсрэг хориг арга хэмжээнд шууд нэгдээгүй олон орон бий. Гэсэн ч тэдгээр улс нь хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэлээс зайлсхийхийг хүсч байна. Ялангуяа Хятад улс. Тус улс нь Оростой нягт харилцаагаа хадгалахын сацуу хоёрдогч хориг арга хэмжээний эрсдэлийг аль болох бууруулахыг эрмэлзэж байна.
Хятадаас Төв Азиар дамжин Орос руу экспортолж буй бараа бүтээгдэхүүн нь зөвхөн зэвсэг байх албагүй.
Хятад улс нь Төв Азийн орнуудын гадаад худалдааны хамгийн чухал түншүүдийн нэг. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадаас Төв Ази руу импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ бараг хоёр дахин өссөн. Гэтэл Орос, Украины дайны дараа энэ үзүүлэлт улам л өссөн үү гэхээс буураагүй аж. Мөн хугацаанд Төв Азийн орнуудаас Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ ч мэдэгдэхүйц өсчээ.
Төв Ази дахь Хятадын импорт 2018-2019 онд 17 хувиар өссөн байсан. Энэ нь цар тахлын улмаас буурсан боловч 2021 онд тахлын өмнөх түвшиндээ эргээд хүрчээ. Дараа нь 2022 онд 44 хувиар нэмэгдэв. Тэр дундаа Кыргызстаны эзлэх хувь илэрхий өсчээ.
Карнеги Оросын Евразийн төвийн судлаач Темүр Умаровын хэлснээр Төв Азийн орнууд болон Хятад хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн онд дээд амжилт тогтоосон байна. Дэлхийн нийт экспорт тийм ч их өсөөгүй байхад Төв Азийн эдийн засгийн өсөлтийн хурд дайн дажингүй, өвчин тахалгүй үеэсээ ялгарах зүйлгүй байна.
Тэгвэл нөгөө талд Төв Азийн орнуудаас Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд бараг 30 хувиар нэмэгджээ. Кыргызстан, Узбекистан, Казахстанаас Орос руу экспортлох хэмжээ өсөлттэй гарсан бол Тажикистаных буурсангүй, өмнөх үзүүлэлтээ барьж байна.
Эндээс дүгнэвэл Хятадын бараа бүтээгдэхүүнийг Төв Азиар дамжуулан Орос руу экспортолж байна.
Илүү нарийвчлан судлахын тулд Төв Азийн орнуудын гадаад худалдааг судалж, бараа бүтээгдэхүүний ангиллыг харьцуулжээ. Туркменистаны талаар мэдээлэл байгаагүй учир графикт оруулаагүй аж. Эндээс чухам ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа өсөлттэй гарсныг харж болно.
Узбекистаны хувьд 2022 онд Хятадаас импортолж, Орост экспортолсон гол бараа бүтээгдэхүүн нь “цөмийн реактор, бойлер, машин механизм”, “цахилгаан машин, тоног төхөөрөмж” гэсэн хоёр ангилалтай байна. Узбекистанаас ОХУ-д нийлүүлэх “цөмийн реактор, бойлер, машин механизм”-ын нийлүүлэлт энэ хугацаанд 264 хувиар, “цахилгаан машин, тоног төхөөрөмж” 150 хувиар өсчээ. Үүний зэрэгцээ Хятадаас Узбекистан руу дээрх бараа бүтээгдэхүүний импортын хэмжээ 134, 124 хувиар тус тус өссөн байна.
Киргизийн тухайд “цөмийн реактор, бойлер, машин механизм”, “сүлжмэл даавуу”, “гутал эдлэл”, “үндсэн металлын төрөл зүйл” гэсэн дөрвөн ангиллаар экспорт, импорт хийжээ. Эндээс хамгийн анхаарал татахуйц нь “цөмийн реактор, бойлер, машин механизм”-ын экспорт 41105 хувиар өссөн байна. Харин хөвөнгийн экспорт нь өнгөрсөн онд Орост нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний өсөлтийн дөрөвний нэг хувийг эзлэв. Хөвөнгийн эскпорт энэ хугацаанд 7564 хувиар өсчээ. “Үндсэн металлын төрөл зүйл” ангиллын бүтээгдэхүүний өсөлт онцгой өндөр буюу Орос руу экспорт нь 1245 дахин өсчээ.
Даавууны экспорт өссөн нь Оросын компаниудын захиалга нэмэгдсэнтэй холбоотой. Эдгээр нь дэлхийн брэндүүд Оросын зах зээлээс гарах шийдвэр гаргасантай холбоотой байж магадгүй. Мөн цэргийн дүрэмт хувцасны эрэлттэй холбоотой гэж үзэж байна.
Казахстаны хувьд “цөмийн реактор, бойлер, машин механизм”, “цахилгаан машин, тоног төхөөрөмж” ангиллын бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр экспортолж, импортолжээ. 2021 онд ч мөн бусад ангилал дотроо өндөр үзүүлэлттэй байсан тул энэ нь цоо шинэ зүйл биш юм. 2022 онд “төмөр ба ган”, “органик бус химийн бодисууд” гэсэн ангиллын үзүүлэлт ч мэдэгдэхүйц өсчээ. Эдгээр ангиллыг харвал хориг арга хэмжээгээр хязгаарлагдсан, Оросын цэрэг аж үйлдвэрийн салбарт ашиглагддаг бараа бүтээгдэхүүн гэдэг нь харагдаж байна.
Тэгвэл Тажикистан дээрх гурван улсаас ялгаатай байна. Тодруулбал, 2022 онд Хятадаас импортлох болон Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний жагсаалтад нэгэн зэрэг багтсан бүлэг бараа байгаагүй. Энэ нь хориг арга хэмжээг тойрон гарах оролдлогод Тажикистан илүү хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэдэгийг илэрхийлнэ.
Эх сурвалж: THE DIPLOMAT