Дайн эхэлснээс хойш гадаадын олон компани Оросоос дүрвэсэн. Энэ дүйвээний улмаас Оросын нисэх онгоц үйлдвэрлэгчид ч хүнд байдалд оржээ. Сибирийн агаарын тээврийн компаниуд 50 жилийн түүхтэй “нисдэг трактор” онгоцыг үргэлжлүүлэн ашиглах зөвшөөрлийг Оросын засгийн газраас хүсч байна.
“Нисдэг трактор” буюу бага оврын сэнстэй Ан-24, Ан-26 онгоцууд нь 50 зорчигчийн багтаамжтай. Оросын алс дорнод, Сибирийн бүсийн хүнд хэцүү нөхцөлд нислэг үйлдэхэд тохирсон хийцтэй. “Polar Airlines” компанийн нисгэгч Константин Назмутдиновын хэлснээр уг онгоц -60 хэмд нисч байжээ. Мөн заавал нисэх зурваст буух шаардлагагүй, шороо, цасан дээр газардах чадвартай.
Сибирийн “Ангара” агаарын тээврийн компанийн дэд захирал Сергей Зорин хэлэхдээ “Нэмэлт засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийхгүй бол 2030 он гэхэд эдгээр онгоцны дөрөвний нэг нь жагсаалтаас гарна. Энэ нь их үнэтэй учир төрөөс дэмжлэг авахгүй бол болохгүй” гэв.
Эх сурвалж: SKY NEWS