Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-г шүүмжилсэн, энэ талаар худал хуурмаг мэдээ тараасан иргэдийн өмч хөрөнгө, үнэт эд зүйлсийг хураах хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэх гэж байгаа тухай Оросын төрийн Думын дарга Вячеслав Володин өчигдөр мэдэгджээ.
“Орос орныг сүйрүүлж, урван тэрслэх гэж оролдсон хэн бүхэн зохих шийтгэлээ хүртэж, улсад учруулсан хохирлоо эд хөрөнгөөрөө нөхөн төлөх ёстой” гэж Володин өчигдөр Телеграм хуудсандаа бичсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь “манай эх орон болон цэргийн тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэрэг, офицеруудын нэр хүндийг гутаан доромжилсон хүмүүсийг шийтгэх зорилготой” гэж тэр бас нэмж тайлбарлажээ.
Одоо ОХУ-д тус улсын зэвсэгт хүчний талаар худал мэдээлэл тараасан хэрэгт 15 хүртэл жилийн хорих ял оноох хууль үйлчилж байгаа.
Эрх баригчид энэ хуулийг Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг нь буруутган шүүмжилсэн хэн бүхний эсрэг ашигладаг.
Хуулийн дагуу Украинд болж буй үйл явдлын талаар төрийн албан ёсны эх сурвалжаас бусад сувгаар тарсан мэдээлэл бүрийг “худал хуурмаг” гэж ангилах юм.
Өнгөрсөн хугацаанд Оросын эрх баригчид энэ хуулийн дагуу 350 орчим хэрэг үүсгэн шалгасан байна.
Володин шинэ хуулийн төслөө маргааш буюу Даваа гарагт өргөн барих гэнэ.
Түүний өргөн барих шинэ хуулийн төсөл Оросын урлаг соёлын алдартнууд, бизнесмэнүүд зэрэг “алдах юмтай” хүмүүсийн эсрэг чиглэх нь тодорхой байна.
Эх сурвалж: AFP